Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, “Ирвэс хамгаалах төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, доктор Б.Мөнхцогтой хамтран монгол тарваганы тоо толгой, тархац, нягтшилыг тогтоох судалгааг хариуцсан нутаг дэвсгэртээ хийж байна. Тус бүс нутагт 2010 оноос эхлэн тарваганы тоо толгой эрс багасаж, устах хэмжээнд хүрсэн нь тулгамдсан асуудал болжээ. Иймд эл амьтныг сэргээн нутагшуулах, хамгаалах ажлыг сүүлийн жилүүдэд үе шаттайгаар зохион байгуулж ирсэн байна. Энэ удаагийн хамтарсан судалгаа нь “хулгар шар”-ыг хамгаалах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний суурь болох гэнэ. Мэргэжилтнүүд сорилын 14 талбайд судалгааны ажил гүйцэтгэж буй аж.