Манай улсын ойд хортон шавжийн тархалт эрс нэмэгдсэн. “Байгалийн амьтан яав л гэж” хэмээн гэм хоргүйгээр бодож, зүгээр суух цаг биш гэдгийг судлаач, мэргэжилтнүүд анхааруулсаар буй. Зарим нь үүнийг гамшгийн хэмжээний асуудал гэж тодорхойлдог. Хөнөөлт шавж ойд их хэмжээний хохирол учруулж, тэр нь хэн бүхний нүдэнд илт харагдах, анзаарагдах болсон тул жирийн иргэд хүртэл үүнд санаа зовниж, холбогдох байгууллагынхан өөрсдийнхөө нөхцөл боломжийн хэрээр тэмцлийн ажил өрнүүлсээр байна. Засгийн газар ч энэ асуудлыг онцгойлон авч хэлэлцэж, шаардлагатай санхүүжилтийг шийдэх чиглэлд анхаарч эхэлсэн. Өнгөрсөн долдугаар сард гэхэд хөнөөлт шавж устгахад зориулж Засгийн газрын нөөц сангаас 600 сая төгрөг нэмэлтээр гаргахаар шийдвэрлэсэн юм.
БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ, орон нутаг дахь ойн ангиуд хортон шавжийн тархалтын судалгаа хийгээд, улсын хэмжээнд устгалын ажил зохион байгуулах шаардлагатай 732.7 мянган га талбай байгааг тогтоосон. Үүнд нийт 9.9 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэ жилдээ дор хаяж 2.2 тэрбум төгрөг төсөвлөх хэрэгтэй гэсэн тооцоо гаргасан байдаг. Улмаар мэргэжилтнүүд БОАЖын сайдаар дамжуулан энэхүү санал хүсэлтийг “дээшээ” илгээсэн юм. Засгийн газар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр эхний ээлжид 600 саяыг л шийдэж өгөхөөр болсон билээ. Тэгвэл энэ мөнгөөр юу хийв, хэчнээн га талбайг шавжаас салгаж, эмчилсэн бэ гэдгийг сонирхлоо.
БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, “Ойн судалгаа, хөгжлийн төв”-ийн ойн хөнөөлт шавжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй юуны түрүүнд холбогдлоо. Тэдний ярьснаар бол Засгийн газраас өгсөн өнөөх мөнгө тэр чигтээ өрөнд “явах” юм байх. Тодруулбал, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сард Хөвсгөл аймагт ажиллахдаа хортон шавж эрчимтэй тархсан 302 мянган га талбайд тэмцлийн ажил яаралтай зохион байгуулах шаардлагатайг онцолж байв. Үүний дагуу тухайн бүсэд нисдэг тэргээр устгал хийжээ. Тэгвэл энэ үед нисгэсэн онгоцны хөлс, шатахууны зардлыг Засгийн газрын нөөц сангаас хуваарилсан хөрөнгөөс гаргахаар болсныг эх сурвалж хэллээ. “Агаарын хөлөг ашиглан шавж устгах нь бүтээмж өндөртэй ч зардал их. Бид Хөвсгөл аймгийн гурван сумд шавж устгал хийсэн. Улсаас нэмэлтээр хуваарилсан хө - рөнгийг үүний зардалд өгнө” гэв.
Засгийн газрын нөөц сангаас хагас тэрбум гаруй төгрөгийг нэмэлтээр олгохоор шийдвэрлэхэд БОАЖЯ-ны холбогдох мэргэжилтэн “Шавж устгах ажлыг богино хугацаанд үр дүнтэй хийе гэвэл нисдэг тэрэг ашиглаж, авиахимийн аргаар тэмцэх хэрэгтэй. 600 сая төгрөг гэдэг бол хортон шавжтай тэмцэхэд маш бага мөнгө. Энэ мөнгөнд тааруулж ажиллана гэвэл гэрлэн урхи тавих, үүргийн шүршигч багаж ашиглаж л таарах нь” хэмээн нэлээд сэтгэл дундуур, голонгуй өнгө аястай ярьж байв. Гэтэл эл мөнгө гэрлэн урхи тавихад ч, үүргийн шүршигч багаж ашиглахад ч зарцуулагдахгүй аж. Өөрөөр хэлбэл, нэмэлтээр нэг га талбайг ч эмчлээгүй, өмнөх ажлын өр төлбөрт автоматаар хуваарилагдсан байх нь. Эндээс нэг зүйл тод харагдаж байгаа нь манай улс хөнөөлт шавж устгах ажилд хангалттай хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөж чаддаггүйн хэрээр холбогдох байгууллагынхан хойд хормойгоороо урдахаа нөхөх байдлаар, өр зээл тавин байж ажилладаг явдал.
Тэгвэл энэ намар шавж устгалын ажил зохион байгуулах уу. Үүнд зарцуулах төсөв бий юү. БОАЖЯ-наас Хөвсгөл, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт 25 мянган га талбайд шавж устгал хийхээр төлөвлөжээ. “Ойн судалгаа хөгжлийн төв”-ийн мэргэжилтнүүд шаардлагатай тооцоо, судалгааг хийж буй гэнэ. Устгалыг гардан гүйцэтгэх ойн мэргэжлийн байгууллагыг хэдийн шалгаруулжээ. Үүнд улсын төсвөөс 250 сая төгрөг зарцуулах юм байна. Уг ажлыг энэ сард багтаан эхлүүлэх төлөвлөгөөтэйг дурдав. Үүгээр хөнөөлт шавж устгах 2022 оны ажил дуусах нь.
Ойд хөнөөл учруулагч шавжтай янз бүрийн аргаар тэмцдэг. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар бол зургадугаар сараас долдугаар сарын дунд үе хүртэлх хугацаанд ийм ажил зохион байгуулахад хамгийн үр дүнтэй аж. Эрвээхэй болж амжаагүй хүрэнцрүүдийг олноор нь устгахад дээрх хугацаа нэн тохиромжтой юм байна. Эдгээр шавжууд нь хүрэнцэр байх үедээ мод, бутны навч, шилмүүсээр хооллож, ойн санд их хэмжээний хохирол учруулдаг ажээ. Холбогдох байгууллагынхан энэ богино хугацааг ашиглахын тулд авиахими болон микробиологийн арга хэрэглэхийг зорьж байгааг “Ойн судалгаа хөгжлийн төв”-ийн мэргэжилтэн онцоллоо. Харин үүнээс цааших ху - гацаанд гэрлэн урхи тавих, үүргийн шүршигч багаж ашиглах, өндгийг нь гараар түүх, хусаж устгах зэрэг аргаар тэмцдэг гэнэ. Хөвсгөл, Хэнтийд хийх энэ удаагийн тэмцлийн ажил хад асганд шахаж үлдээсэн, эрвээхэйний өндгийг түүж, хусаж устгах аж.
Мод, бутны навч, шилмүүсээр хооллодог, ойд онцгой хортойд тооцогддог эрвээхэйнүүд наймдугаар сарын сүүлчээс эхлээд өндгөө шахдаг байна. Ингэхдээ нарны тусгал бүхий хад асгатай хэсэгт үүнийгээ үлдээх нь түгээмэл гэх. Нэг эрвээхэй багадаа 300-1000 өндөг гаргадаг. Өндгийг нь тэр үед бөөнөөр нь устгаж чадвал ирэх хавар, зун ойд уршиг тарих хүрэнцрийн тоо толгойг бага хэмжээгээр боловч хязгаарлах боломжтой гэнэ. Гэхдээ энэ нь устгал хийх талбайг оновчтой судлан тогтоохоос эхлээд нэлээд ажиллагаатай аж. Бусад аргатай харьцуулахад үр дүн багатайд тооцогддогийг ч судлаач хэлсэн юм.
Ойн хөнөөлт шавж устгах ажлын талаар ийнхүү дэлгэрэнгүй дурдсан нь учиртай. Манай улс шавж устгахад тохиромжтой хоёрхон сарын хугацааг чинээнд нь тултал ашиглаж чаддаггүй юм байна. Тиймээс устгаж чадаагүй хүрэнцрүүдээ нас бие гүйцсэн хойно нь “дарахын тулд” гэрлэн урхи барих, хад асганаас өндөг түүх зэрэг хоцрогдсон аргуудыг хэрэглэдэг байх нь. Угтаа энэ нь өнөөх л санхүүгийн хүрэлцээгүй байдалтай холбоотой аж. Засгийн газар өнөө жил шавж устгахад зориулж нэмэлтээр төсөв хуваарилсан нь сайшаалтай ч цаг хугацааны хувьд бас л хожимдсон шийдвэр байв. Иймд цаашид хөнөөлт шавж тархсан талбайд хийх тэмцлийн ажлыг үр дүнтэй байлгая гэвэл санхүүжилтийн асуудлыг эрт шийдэж, зургаа, долдугаар сарыг үр дүнтэй ашиглахад анхаарах шаардлагатай. Үр дүн багатай, ажиллагаа ихтэй аргаар аливаа ажлыг хийх нь санхүүгийн хувьд хохиролтой. Шавж устгалын ажил ч ялгаагүй.
Холбогдох байгууллагынхан хөнөөлт шавжийн тархалтын судалгааг улсын хэмжээнд хийсэн. Ингээд 16 аймгийн 109 сум, улсын тусгай хамгаалалттай газар, нийслэлийн ногоон бүсийн 732.7 мянган га талбай хөнөөлт шавжид эзлэгдсэнийг тогтоосон билээ. Үүний 322 мянган га талбайд нь хортон шавж их хэмжээгээр буюу голомтлон тархсан гэж үнэлсэн. Өнгөрсөн зургаа, долдугаар сард л гэхэд голомттой газрын 17 хувьд нь тэмцлийн ажил өрнүүлжээ. Тодруулбал, устгал хийхэд тохиромжтой цаг хугацаанд ердөө 56 мянган га талбайд ажилласан юм байна. Дэндүү чамлалттай тоо байгаа биз. Манай улс тэрбум мод тарих санаачилгыг үр дүнд хүргэе, ойн салбараа хамгаалъя гэвэл цаашид ийм “арга барилаар” ажиллаж боломгүй. Зуны саруудыг ашиглах хэрэгтэй. Санхүүжилтээ хангалттай хэмжээгээр, эрт шийдэх нь чухал. Механик ажиллагаа шаарддаг хоцрогд - сон аргуудыг халах шаардлагатай.
Энэ чиглэлд хэрхэн анхаарч байгааг БОАЖЯ-ны мэргэжилтнээс тодруулахад “Олон улсад ашигладаг арга технологиудыг нэвтрүүлэхэд анхаарч байна. АНУ, Япон, Канад зэрэг оронд өргөн ашигладаг, байгальд хор нөлөө багатай шавж устгалын бодисыг хэрэглээнд нэвтрүүлэхээр энэ намар турших гэж байгаа. Мөн өрөөсгөл хүр эрвээхэй устгадаг шинэ төрлийн бодисыг “Рио тинто” компанийн дэмжлэгтэйгээр туршихаар төлөвлөсөн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус компаниас хоёр эксперт манай улсад ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан. Уг бодисыг энэ долоо хоногт Монголд авчрах юм. Эдгээрийг хуулийн дагуу Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн туршаад, тохиромжтой гэж үзвэл хөнөөлт шавжтай тэмцэхэд ашиглана. Ирэх оны хавар гэхэд шинэ бодисоо туршаад үр дүнг нь үзчихсэн, хууль, эрх зүйн хүрээний асуудлуудыг цэгцэлчихсэн байх зорилттой ажиллаж байна. Тэрчлэн улс, орон нутгийн төсөв, хувийн хэвшлийн дэмжлэг, оролцоотойгоор уг ажлыг илүү өргөн хүрээнд, үр дүнтэй зохион байгуулахыг хичээж буй” гэв.