Монгол, Германы Засгийн газар хооронд байгуулсан гэрээний хүрээнд “Монгол Улсын байгаль орчинд ээлтэй уул уурхай” төслийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл Германы гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгийн зохицуулагч, мэргэжилтнүүд, БОАЖЯ-ны холбогдох албан тушаалтнууд төслийн үнэлгээний сүүлийн хурлыг хийж, харилцан зөвшилцлийн санамж бичигт гарын үсэг зуржээ. 36 сарын хугацаанд 1000 га-гаас доошгүй талбайд нөхөн сэргээлт хийхээр болсон байна. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, эзэнгүй орхигдсон газруудыг үүнд нэн түрүүнд хамруулах гэнэ. Төслийн нийт санхүүжилт нь 2.5 сая евро аж.