Автомашины улсын дугаарын сүүлийн орноор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт энэ бямба гарагт дуусгавар болно. Ингээд ням гарагаас эхлэн хуучин зохицуулалтаар буюу тухайн заасан өдөр зорчих хөдөлгөөнд оролцох эрхгүй тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож болох юм.
Гэтэл олон нийтийн сүлжээгээр "Хотын дарга Д.Сумъяабазар автомашиныг тэгш, сондгойгоор зорчих шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ сарын 07-ны өдөр НИТХ-аар оруулахаар болсон" гэх мэдээлэл гарсан байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад "Энэ ташаа мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, автомашиныг тэгш, сондгойгоор цааш зорчих, эсэхийг олон нийтээс санал асууж байж шийддэг журамтай. Тэр процесс байхгүйгээр шууд НИТХ рүү оруулах боломжгүй" гэх тайлбар мэдээллийг өглөө.