“Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор тогтоосон журам зөрчсөн иргэдийг 150 мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгслийг нь хурааж байна” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй. Мөн нэр бүхий хуульчид “Дугаарын хязгаарлалт тогтоож, иргэдийг торгож байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа” гэж мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдэл гаргав. Дугаарын хязгаарлалт зөрчсөн жолоочийг дээрх байдлаар торгож буй гэдэг нь ташаа мэдээлэл гэлээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар бол энэ тохиолдолд иргэнийг хорь, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай юм байна. Тодруулбал, 20 болон 200 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай аж. Дугаарын хязгаарлалт тогтоох нь хууль зөрчсөн үйл ажиллагаа биш гэдгийг ч мөн тодотгов. Холбогдох хуульд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, ИТХ нь түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор Монгол Улсын хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн харьяа нутаг дэвсгэртээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны арга хэмжээний акт гаргаж болно гэж тусгасан байдаг гэнэ.