Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг, Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд талд байгуулж, өнгөрсөн хавар ашиглалтад оруулсан Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнд бортоготой модны үзэсгэлэн, худалдаа нээжээ. Энэхүү арга хэмжээг тус хүрээлэнгийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт хариуцдаг “Туурайн төвөргөөн” ХХК, “Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж буй аж. Тэд энэ удаа зөвхөн өөрсдийн бойжуулсан тарьц, суулгацуудыг иргэдэд санал болгож байгаа бол есдүгээр сарын 20-ноос мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамруулсан үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.
Гурав дахь өдрөө үргэлжилж буй тус үзэсгэлэн, худалдаагаар тэхийн шээг, улиас, далан хальс, бургас, голт бор, хайлаас, нохойн хошуу, шар хуайс, монос, өрөл, чацарганын гэсэн 10 гаруй төрлийн тарьц, суулгац борлуулж, үйлчлүүлсэн хүмүүст мэргэжилтнүүд заавар, зөвлөгөө өгч байна. Модны төрөл зүйл, нас, өндөр зэргээс хамаараад нэг бортоготойг нь 10-40 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж.
Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаа хариуцсан менежер Н.Сугаррагчаа “Манайх ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт хариуцсан мэргэжлийн багтай. Тэдний бортоголж бэлтгэсэн, амьдрах чадвар сайтай, чанартай моднуудыг эндээс авах боломжтой. Үзэсгэлэн, худалдаагаа хичээлийн шинэ жил эхлэх үетэй зэрэгцүүлэн нээсэн учир одоохондоо хүн цөөтэй байна. Ирэх амралтын өдрөөс зорин ирэх хүний тоо нэмэгдэх байх” гэсэн юм. Түүнчлэн бортоготой модны үзэсгэлэн, худалдааг сонирхохыг хүсвэл 11.00-19.00 цагт очихыг зөвлөлөө.
Ташрамд дурдахад, уг цэцэрлэгт хүрээлэнд 35 га газарт ногоон байгууламж бий болгохоор зорьж буй. Тэгвэл одоогийн байдлаар хоёр орчим га-д 40 төрлийн 7000 гаруй мод, бут тарьжээ.