НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хурдасгуур лаборатори, Орхон аймгийн ЗДТГ, “Монголын тандан судлаачдын холбоо” төрийн бус байгууллага хамтран хог хаягдлын менежмент сайжруулах, эх үүсвэр дээр нь ангилан ялгах туршилтын төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд өнгөрсөн долдугаар сард тус аймагт Дахивар хог хаягдлын тээвэр ложистикийн төв байгуулсан юм. Ингэснээр шаардлагатай тоног төхөөрөмж бүхий хог хаягдал ангилан ялгах газартай болсон. Тэгвэл үүнээс хойших хоёр сарын хугацаанд эл төв 10 тонн хогийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ил задгай орхиж, газарт булагддаг хаягдлыг үлэмж хэмжээгээр бууруулжээ. Өдгөө төслийнхөн хүнсний хог хаягдлыг компост бордоо болгож боловсруулах тоног төхөөрөмжийг Орхон аймаг дахь МСҮТ-д суурилуулан, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилт хийж буй аж. Цаашид иргэдийн хандлагыг өөрчлөх нөлөөллийн аян хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.