Хөвсгөл аймгийн нутаг Дэлгэрмөрөн голын эрэг орчмын газрыг эвдэж, хайрга олборлож байсныг зогсоосныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв. Уг голын эргээс “Хөвсгөл зам” компанийнхан хайрга олборлож байжээ. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт, Дэлгэрмөрөн голын эрэг дагуух газраас сүүлийн үед хайрга олборлох нь ихэссэн бөгөөд үүнээс улбаатай тоосжилт ч нэмэгдсэн аж. БОАЖЯ-наас мэдээлснээр бол хайрга олборлож байсан аж ахуйн нэгж нь зөвшөөрөлтэй байсан тул голоос хол, өөр газрыг дүйцүүлэн олгохоор шийдвэрлэжээ. Голын эрэг орчимд буюу хориглосон газраас хайрга олборлохыг зөвшөөрсөн, байгаль хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлээгүй Дэлгэрмөрөн, Шишхэд голын сав газрын захиргааны даргыг ажлаас нь чөлөөлсөн гэнэ. Мөн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад эвдэрсэн хэсгийн нөхөн сэргээлтийг энэ сарын 30-ны дотор хийлгүүлэх үүрэг өгсөн байна.