Монголын дугуйн спорт, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ С.Жамбалжамц Малайзын “Тerengganu” мэргэжлийн багийнхны хамт Турк улсад болсон, олон өдрийн “Tour of Sakarya” уралдаанд хурд сорьж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус уралдаанд өрсөлдсөн тамирчид дөрвөн гараанд 525 км зам туулжээ. Манай дугуйчин эхний гурван гарааны дараа тэргүүлэгчийн шар цамцыг өмссөн юм. Гэсэн ч сүүлчийн гараанд тавдугаар байр эзэлсэн байна. Уралдааны нийлбэр оноогоор “Sakarya” багийн гишүүн, Украины тамирчин Михаил Кононенко түүнээс 1.41 секундийн өмнө барианд орж, нийлбэр дүнгээр тэмцээнийг тэргүүлэн, аваргын цамц өмсжээ. Ингэснээр С.Жамбалжамц “Tour of Sakarya”-гаас мөнгөн медаль гардав. Тэрбээр энэ удаагийн уралдаанд өмнө нь үзүүлж байгаагүй шинэ амжилт тогтоон, чансааны оноогоо ахиулав. Түүний дараагийн уралдаан нь ирэх сарын сүүлчээр Австралид болох Азийн аварга шалгаруулах тэмцээн аж.