20 хүртэлх насныхны хөлбөмбөгийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны Е хэсгийн тоглолтын хуваарь гарчээ. Уг хэсэгт манай улс багтсан бөгөөд тоглолтууд энэ сарын 14-18-нд Улаанбаатарт болно. Эхний өдөр тэмцээний салхи хагалж, БНСУ, Шри Ланка улсын баг 12.30, Малайз, Монголын тамирчид 17.00 цагт тоглоно. Манай хөлбөмбөгчид 16-нд БНСУ-ын багтай 12.30, 18-нд Шри Ланкагийн тамирчид тай 17.00 цагт тоглохоор учраа таарчээ. Тоглолтууд Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болох аж. Тус тэмцээнийг Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй юм байна. Ташрамд дурдахад, Азийн болон Монголын хөлбөмбөгийн холбооны хамтарсан футзалын дасгалжуулагчийн “Level-1” сургалт Улаанбаатарт үргэлжилж буй. Энэ сарын 3-нд өндөрлөх уг сургалтыг Монголын футзалын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир, Малайзын шигшээ багийн дасгалжуулагч Чиев Чун Ёонг нар удирдаж буй юм.