“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний гол зорилгуудын нэг нь суурин газруудад ногоон байгууламжийн хүртээмжийг сайжруулан, иргэдэд амьдрах таатай орчин бүрдүүлэх. Тэгвэл Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэхүү зорилтын хүрээнд суурьшлын бүсийг моджуулах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, амьдран буй орчноо “ногооруулах” хүсэлтэй хүмүүс, СӨХ-ныхон БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газарт хандсанаар энэ чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг авах боломжтой гэнэ. Мөн дээрх хорооноос орон сууцын хорооллуудын дундах сул зай талбайг ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн зорилгоор ашиглах, иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг төмөр хашаануудыг буулгах бодлого баримталж байгаа аж. Бетоноор хучсан талбай ихсэх тусам эрүүл, аюулгүй орчинд амьдрах иргэдийн эрх хязгаарлагдаж, олон сөрөг үр дагавар гардгийг онцлов.