Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаад АТГ-т шилжүүлсэн. Гурав дахь Ерөнхийлөгч “Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хашиж буй цагт түүний удирдлага дорх цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй” хэмээн мэдэгдэж, улмаар УМБГ-ын мөрдөн байцаагч тайлбар авахаар дуудахад нь очихгүй байсан юм. Түүнийг “Улаанбаатар таймс” сонин, Хэвлэх үйлдвэрийг хувьчилж авахдаа албан тушаалаа урвуулан ашигласан, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр ойрын садан болох “саятан” хочит Д.Мягмаржаргалаар дамжуулан их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй гэж сэжиглэн шалгахаар болсон юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр уг асуудлыг улстөржүүлээд байгаа учраас УМБГ-аас түүнд холбогдох хэргийг шилжүүлэхээр болсон гэж прокурорын байгууллагын эх сурвалж хэлж байсан. Харин АТГ түүнд холбогдох хэргийг өнөө хүртэл шалгаж эхлээгүй байгааг эх сурвалжууд баталлаа. Учир нь НПГ-аас уг хэргийг АТГ-т хараахан шилжүүлээгүй байгаа гэнэ. Энэ талаар НПГ-ын албаны хүнээс лавлахад “Хэргийг АТГ-т шалгуулахаар удахгүй шилжүүлнэ. Хэрэгт хяналт тавьж буй прокурор хавтаст хэрэгтэй танилцаад ирэх долоо хоног гэхэд шилжүүлчих байх” гэв.