Монгол, Герман, Франц, Чех зэрэг улсын судлаач, байгаль хамгаалагч, хамгаалалтын захиргааны мэргэжилтнээс бүрдсэн баг Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн нутаг дэвсгэрт зэрлэг амьтны цэгэн тооллого, судалгаа хийжээ. Цэгэн тооллого гэдэг нь тусгайлан сонгож авсан газруудад судлаачид байршин, олон цагаар тандалт хийхийг хэлдэг. Тэгвэл энэ удаа 36 судлаач Цагаан ус, Тахь ус, Тахийн тал гэсэн гурван бүсэд урьдчилан сонгосон 102 цэгт долоо хоногийн турш ажилласан байна.
Говийн зэрлэг, тэр дундаа тахь, хулан, зээр, хар сүүлт зэрэг ховор амьтны тоо толгойг тогтоох зорилготой уг судалгааг таван жил тутам хийдэг бөгөөд гурав дахийг нь 2020 онд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хэрэгжүүлж чадаагүй гэнэ. Гэсэн ч энэ удаа илүү өргөн хүрээнд, олон судлаач хамруулан зохион байгуулсан аж. Тухайн хэсгийг хариуцсан хамгаалалтын захиргаа болон Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн, байгаль хамгаалагч, “Олон улсын тахь групп” төрийн бус байгууллага, МУИС-д гэрээгээр ажилладаг гадаад, дотоодын судлаачид үүнд оролцжээ. Эл судалгааны үр дүн энэ сард гарах юм байна. Үүний дараа гадаадын судлаачид уламжлалт судалгааг бататгаж, тусгай зориулалтын нисгэгчгүй төхөөрөмжөөр мөн тооллого зохион байгуулах нь. Ташрамд дурдахад, “Олон улсын тахь групп” тус бүсэд энэ намраас байгаль хамгааллын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.