Усны тухай хуулийн 17.1.4-т “Сав газрын захиргаа нь усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнана” гэж заасан байдаг. Тэгвэл Туул голын сав газрын захиргааныхан үүний хэрэгжилтийг хангахаар Төв аймгийн БОАЖГ-тай хамтран, орон нутагт ажиллаж байна. Мэргэжилтнүүд Туул гол газар нутгаар нь дамжин урсдаг Төв аймгийн есөн сумд усны тооллого, судалгаа хийх аж. Мөн усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох ажлыг өмнөх жилүүдийнхээс өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.