Монголын уул уурхайн салбарт туслан гүйцэтгэх үйл ажиллагаа явуулдаг “Тийсс Монгол” бол Австралийн “Тийсс” группийн компани юм. Тус компанид өдгөө хөгжлийн бэрхшээлтэй есөн иргэн ажиллаж байна. Тэднийх нийт 250 ажилтантай. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тус компани хөгжлийн бэрхшээлтэй 10 хүн ажиллуулах ёстой. Өмнө нь эднийх хөгжлийн бэрхшээлтэй арван хүн ажиллуулж байжээ. “Оюутолгой” компанийн уурхайн сайтад ажиллаж байсан нэг нь ажлаасаа гарсан байна. Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй тэрбээр “Тийсс Монгол”-оос “Оюутолгой” компанид шилжин ажиллахаар болсон гэнэ. Хөдөлмөрийн тухай хуулийг биелүүлэхийн тулд тус компанийнхан мэдээллийн технологийн инженер, орчуулагч гэсэн хоёр албан тушаалд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах зар тавиад буй ч одоогоор нэг ч хүн хандаагүй аж.
“Тийсс Монгол” компани өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулдаггүй, харин хуулийн дагуу нөхөн төлбөр төлөөд явдаг байж. Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлдөг байжээ. Гэтэл дараа нь нөхөн төлбөрийг нийт ажилтных нь дундаж цалингаар тооцон төлбөр төлөх журам батлагдсан аж. Уул уурхайн компанийн ажилтнууд өндөр цалинтай. Тиймээс өндөр дүнтэй нөхөн төлбөр төлөх шаардлага үүссэн нь мэдээж. Нэг талаар дээрх шийдвэр хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах хөшүүрэг болжээ. Нөгөөтээгүүр, “Тийсс” групп даяараа “Олон талт байдал ба оролцоог дэмжих хөтөлбөр”-ийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд авах гол үндэслэл нь болсон байна. “Тийсс Монгол” компанийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Б.Отгонсүрэн “Энэ хөтөлбөрийн хүрээнд группийн хэмжээнд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй нас, хүйс, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаанаас үл хамаараад ямар ч хүн ажиллахад ээлтэй болъё гэсэн зорилт тавьсан. Мөн жендерийн оролцоог тэгш хангах зорилт тавьж, кампанит ажил өрнүүлсэн юм. Уг зорилтын хүрээнд манай компани хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангах үйл ажиллагаагаа 2019 оноос эхлүүлсэн” гэж тодотгов.
Тус компанийнхан эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хамт ажиллахыг дэмжих үү, үгүй юү гэдгийг тодорхойлохын тулд хэд хэдэн асуулт бүхий санал асуулгыг ажилтнуудынхаа дунд явуулжээ. Санал асуулгаас хамт олон нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллахад бэлэн гэсэн дүгнэлт гарсан байна. Гэхдээ ажилтнууд нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамт ажиллах явцад ямар хүндрэл гарахыг мэдэхгүй. Тиймээс тодорхой ойлголт өгөх хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлжээ. Нэгэнт хамт олон нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүлээж авах боломжтой гэдэг нь тодорхой болсон учраас дараагийн шатны ажилдаа шилжжээ. Энэ нь ажлын байрны орчиндоо үнэлгээ хийлгэх байсан аж. Үүний хүрээнд “Түгээмэл хөгжил” төрийн бус байгууллагаар ажлын байрных нь орчин хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулахад тохиромжтой, эсэхийг тодорхойлуулах үнэлгээ хийлгэсэн байна. Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулахын тулд орчны хүртээмжийг сайжруулж, налуу болон зориулалтын цахилгаан шатнаас эхлээд тодорхой нөхцөл шаардлагатай нь ойлгомжтой.
“Түгээмэл хөгжил”-ийнхөн олон улсын стандартын дагуу үнэлгээ хийгээд, орчны болон мэдээллийн хүртээмжийг хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө өгсөн байна. Тухайлбал, тэдний оффисын ариун цэврийн өрөө хөгжлийн бэрхшээлтэй хүнд тохиромжтой байгаагүй аж. Тиймээс “Түгээмэл хөгжил” төрийн бус байгууллагынхны өгсөн зөвлөмжид үндэслээд, оффис түрээсүүлэгч “Моннис цамхаг”-ийнханд хүсэлт тавьснаар ариун цэврийн өрөөгөө тоноглож, тохируулга хийлгэсэн гэнэ. Үүгээр зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулдаг “Оюутолгой” компаниас туршлага судалжээ. Хамт олныхоо “зөвшөөрөл”-ийг авч, ажлын байрны орчноо тохижуулсны дараа ямар албан тушаалд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаа тодорхойлсон байна. Үүнийн дараа ажлын зар түгээж эхэлжээ.
Б.Отгонсүрэн “Өмнө нь манайд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд орох хүсэлт гаргасан тохиолдол байгаагүй. Судлаад үзсэн чинь хаанаас хөгжлийн бэрхшээлтэй хүн олох вэ гэдэг хүндрэл тулгардаг юм билээ. Мэдээллийн нэгдсэн сан байгаагүй. Бид үйлчилгээний ажилтан, нягтлангийн туслах гэх мэт ажлын байр гаргаж, зорилтот хүмүүстээ хүргэхийн тулд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн групп” гэсэн фэйсбүүк хуудсанд зар тавьсан. Бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд руу зараа явуулсан” гэж ярилаа. Мөн өөрийн биеэр ирж анкет бөглөх боломжгүй хүмүүст зориулж, цахимаар бүртгүүлэх талбар бий болгосон гэнэ. Тус компани уг нь ажил горилогчидтой уулзаж, ярилцлага хийдэг уламжлалт арга барилтай аж. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй анхан шатны ярилцлагаа утсаар хийжээ. Анх сонсголын бэрхшээлтэй хүнтэй ярилцлага хийхдээ хэл нэвтрэлцэхгүйн улмаас яриаг бичгийн хэл рүү хөврүүлдэг “Чимэгэ” аппликэйшн ашигласан гэсэн.
Одоо тэднийд сонсголын бэрхшээлтэй дөрвөн хүн ажилладаг. Түүнээс гадна тулгуур эрхтэн, хараа, бусад төрлийн бэрхшээлтэй тус бүр нэг хүн ажилладаг байна. Тэдний хоёр нь санхүүгийн туслах, нэг нь хангамжийн туслах, нэг нь Оюутолгойн уурхайн сайт, нэг нь Улаанбаатар дахь агуулахад туслах ажилтан, гурав нь үйлчлэгч хийдэг гэнэ. Тулгуур эрхтний бэрхшээлтэй ажилтнаа гэрээс нь очиж авах, хүргэж өгөх боломж бүрдүүлсэн аж. Түүнчлэн удаан сууж ажиллах боломжгүй учраас зогсож ажиллах эргономик ширээ тавьж өгөх зэргээр орчныг нь бүрдүүлж, тохируулга хийжээ.
Анх ажилд орох ярилцлага өгсөн хүн нь “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо”-той гэрээ байгуулчихвал сонсголын бэрхшээлтэй хүнтэй ярилцлага хийхдээ зовохгүй гэж зөвлөжээ. Үүний дагуу тус холбоотой гэрээ байгуулснаар өдгөө хамтран ажиллаж буй. Одоо сургалт, уулзалт, хурал хийхдээ тус холбооноос дохионы хэлний хэлмэрч ажиллуулдаг аж. Сонсголын бэрхшээлтэй дөрвөн ажилтандаа тэгш хүртээмжтэй мэдээлэл хүргэхийн тулд ийм арга хэмжээ авчээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүтэн цагаар ажиллах боломжгүй. Хуулийн дагуу долоо хоногт 36 цаг ажиллах шаардлагатай байдаг. Тиймээс тус компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ долоо хоногт 20 цаг ажиллуулах бодлого баримтдаг гэнэ. Өөрсдөө хүсвэл үүнээс олон цагаар ажиллах боломж бас олгодог гэнэ.
Ажилтнуудынхаа ойлголт, хандлагыг өөрчлөх үйл ажиллагааны хүрээнд тус компанийнхан “Түгээмэл хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн, өдгөө Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаярыг урьж, зөвлөгөө авчээ. Ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт ямар байдаг, хамт олон нь, ажил олгогч нь юуг анхаарах ёстой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх ямар сайн санаачилгууд гаргах вэ зэрэг сэдвээр ажилтнууддаа мэдээлэл өгсөн аж. Мөн сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн ахуй соёлыг ойлгох талаар “Сонсголгүйн боловсрол” төрийн бус байгууллагын тэргүүн А.Баасанжавыг урьж, ажилтнууддаа яриа хийлгэсэн байна.
Б.Отгонсүрэн “Анх манай зарим ажилтанд хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хамт ажиллах нь төвөгтэй санагдсан тохиолдол бий. Одоо бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд манай хамт олны нэг хэсэг болсон. Ажилтнууд маань хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бидэнтэй адил ажиллаж чадах юм байна гэдгийг ойлгосон. Бүр дохионы хэлээр ойр зуур ярилцдаг болоод байгаа” гэв. Мэдээллийн технологийн инженер, орчуулагч ажилд авах зарын дагуу хүмүүс яагаад ажилд орохгүй байгааг нь сонирхвол тэрбээр “Манайд ажиллаж буй найман хүний хоёр нь л дээд боловсролтой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол олгох тогтолцоо сул байна. Тэд мэргэжил эзэмшиж чадахгүй байгаа нь хөдөлмөр эрхлэх боломжийг нь хязгаарладаг гэж харсан” гэж хариулав.
“Тийсс” группийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах хөтөлбөрийг “Тийсс Монгол” хамгийн сайн хэрэгжүүлжээ. Тиймээс “Тийсс” группийн бусад орон дахь салбар компаниуд “Тийсс Монгол”-ын хамт олноос туршлага судлахаар холбогддог гэнэ лээ.