Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрынхан Говийн их дархан цаазат газрын А хэсэгт байгаль хамгааллын чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ялангуяа говийн ховор амьтдын амьдрах орчныг сайжруулах, идэш тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд түлхүү анхаардаг. Тэгвэл тэд энэ зорилгынхоо хүрээнд “Говь” ХК-тай хамтран усны хомсдолоос сэргийлэх ажил хийхээр болжээ. Говийн их дархан цаазат газрын А хэсэг болон түүний орчны бүсэд нарны өргүүр бүхий дөрвөн худаг, нэг хөв байгуулах гэнэ. Эдгээрийг хэрэгжүүлснээр худаг бараадан дархан цаазат газарт ирэх малын тоо буурч, ан амьтад ангах эрсдэлээс ангижирч, тухайн бүс нутгийн бэлчээр доройтохоос сэргийлэх ач холбогдолтойг судлаачид дурджээ.