БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа хамтран Эгийн голын эхийг хог хаягдлаас чөлөөлжээ. Далай ээжээс эх аван Хөвсгөл, Булган аймгийн нутгаар урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг эл голын эхэнд их хэмжээний талбайг хамарсан хур хогийн цэг үүсээд олон жил болжээ. Үүнээс үүдэлтэй орчны бохирдол гаарсан учир тухайн бүс дэх хогийг стандартын дагуу устгах, Эрдэнэбулган сумын нутагт төвлөрсөн шинэ цэг байгуулах шийдвэр гаргасан юм. Одоогоор хуримтлагдсан хог хаягдлын 95 хувийг нь ландфилл аргаар булж устган, биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийжээ. 2350 метр урт шороон далан байгуулахаар төлөвлөснөөс 2000 метрийг нь бариад буй аж. Харин шинэ хогийн цэг байгуулах ажил 90 хувьтай байгааг албаныхан мэдээлэв.