Нисэх загварын спортын чөлөөт нислэг, радио удирдлага, жолоодлогот уран нислэг гэсэн гурван төрөлд УАШТ-ийг Налайх дүүрэг болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд орон нутгаас Хэнтий, Төв аймгийн оролцогчид, Улаанбаатараас зургаан клубийн тамирчид өрсөлдөв. Чөлөөт нислэгийн төрлийн насанд хүрэгчдийнхэд Г.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэдаваа, Ө.Эрдэнэбаяр, Л.Бямбажав нар түрүүлсэн. Харин өсвөр үеийнхэд Б.Мөнхбаатар, Ц.Ирмүүн, Л.Эсэнбэхи нар тэргүүлжээ. Радио удирдлагат загварын төрлийн уран нислэгийн ангилалд Н.Ариунболд, агаарын тулалдаанд Ж.Оюундэлгэр нар шилдгээр шалгаран, алтан медаль гардав. Жолоодлогот уран нислэгийн F2B ангилалд эмэгтэйчүүдээс Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, үндэсний шигшээ багийн тамирчин Н.Номин улсын аварга болж, спортын дэд мастерын болзол биелүүлжээ. Тэрбээр Польш улсын Влоцлавек хотод энэ сарын 8-13-нд болсон дэлхийн аваргаас эх орондоо мөнгөн медальтай ирсэн юм. Тэгвэл эрэгтэйчүүдээс насанд хүрэгчдийн ангилалд З.Чингис, өсвөр үеийнхэд Т.Ариунтөгс аваргалсан байна.