БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Туул голын сав газрын захиргаа, “Дэвшилтэт социал демократ” клуб хамтран Туул голын бохирдол, доройтлыг бууруулах зорилготой “Clean up-2” төсөл хэрэгжүүлж буй. Тэд үүнийхээ хүрээнд зөвхөн хог цэвэрлэх бус, мод тарих үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилт дэвшүүлсэн. Тэгвэл төслийнхөн Хан-Уул дүүргийн ес, 10, 16 дугаар хорооны, дахин төлөвлөлтөд ороогүй 500 өрхийг гэр хорооллыг моджуулах ажилд татан оролцуулахаар гэрээ байгуулж, аян өрнүүлж эхэлжээ. Дээрх гурван хорооноос сонгогдсон айлууд хашаандаа тус бүр таван мод тарих үүрэг хүлээсэн байна. Айлуудыг тарьц, суулгацаар хангах, мод тарих заавар, зөвлөгөө өгөх ажлыг сайн дурын залуус хариуцаж буй аж. Төслийг амжилттай болгох, хамрагдсан өрхүүдийг хариуцлагатай байлгах үүднээс дөрвөн талт гэрээ хийжээ.