Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирэх өвөл, хаврын бэлчээрийн даацыг улсын хэмжээнд буюу аймаг, сум, баг бүрээр тодорхойлжээ. Үүний үр дүнд нийт нутгийн 60 гаруй хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй гэсэн тооцоо гаргасан байна. Тус хүрээлэнгийнхний тооцоолсноор бол манай орны нийт нутгийн 23.9 хувьд нь бэлчээрийн нөөц сайн байгаа аж. Мөн 15.6 хувьд нь бэлчээр хүрэлцээтэй байх нь. Харин үлдсэн 60.5 хувьд нь бэлчээрийн даац хэтэрсэн тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэйг анхааруулжээ. Тэр дундаа 18.4 хувьд нь бэлчээрийн даац олон дахин хэтэрч, ашиглах аргагүй болсон аж. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн газарт Баянхонгор аймгийн зургаан сум хамрагдсан нь хамгийн өндөрт тооцогджээ. Мөн Баян-Өлгий, Ховдын тус бүр дөрөв, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангайн гурав, Төв аймгийн нэг сум хамрагдсан байна. Эдгээр аймагт зуны турш гандуу болон гантай, мөн өнгөрсөн сард олон жилийн дунджаас 1.1-3.7 градусаар сэрүүн байсан нь бэлчээрийн ургалтад сөргөөр нөлөөлсөн гэнэ. Үүнээс гадна хур тунадас ахиу орсон зарим газарт ч бэлчээрийн нөөц бага буй нь тухайн хэсэгт хэт олон мал байгаатай холбоотой аж. Бэлчээрийн даац хэтэрсэн газрууд өвөл, хаврынхаа бэлтгэлд эртнээс анхаарч, хадлан, нэмэгдэл тэжээл нөөцлөх, малынхаа тоог бууруулах, отор нүүдэл хийх шаардлагатайг дээрх хүрээлэнгийнхэн зөвлөлөө.