Энэтхэгийн Ченнай хотод дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 10-нд болж, шигшээ багийн ахлагч Ц.Батсайханы удирдлага дор эрэгтэйчүүдийн шигшээ багт Д.Батсүрэн, Г.Амартүвшин, Б.Гүндаваа, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн шигшээ багт А.Энхтуул, Б.Баярмаа, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар онцгой амжилт байгуулсан билээ. Амжилт байгуулсан баг тамирчдыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзан шагнал гардууллаа. Энэ үеэр дасгалжуулагч С.Ган-Од, Д.Батсүрэн, тамирчин Б.Гүндаваа, Г.Амартүвшин, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, А.Энхтуул, Б.Баярмаа, Т.Мөнхзул, Д.Мөнхзул, Б.Мөнгөнзул нарыг Биеийн тамир, спортын улсын хорооны Жуух бичгээр шагнаж урамшуулав. Мөн их мастерын болзол биелүүлсэн Т.Мөнхзулыг Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын дагуу мөнгөн урамшуулал (30 төгрөг)-ын батламж гардууллаа. Дараа нь Д.Жаргалсайхан дарга Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэлхийн шатрын олимпиадад өндөр амжилт үзүүлсэн баг тамирчидадаа хандан баяр хүргэж, амжилт хүссэнийг энэ үеэр уламжилсан юм. Д.Жаргалсайхан дарга хэлэхдээ “Манай улс шатрын шигшээ багтай. Үүнийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ жил төсвийн хэмнэлтийн хуулийн дагуу зардал мөнгө тааруу байгаа нь үнэн. Гэхдээ ирэх жилээс сайжрах байх. Сангийн яам дээр Биеийн тамир, спортын байгууллага, шигшээ багийн төсвийг хамгаалахаар ажиллаж байна. Тиймээс цаашид шатрын шигшээ баг өргөжих, олон улсын тэмцээнд оролцох, бэлтгэл сургуулилт хийх нөхцөл бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Энэ удаагийн шатрын олимпиадад дөрөвдүгээр ширээнд тоглосон тамирчин алтан медаль хүртлээ. Их мастер, ОУ-ын мастерын болзолыг манай тамирчид хангалаа. Манай баг тамирчид маш сайхан амжилт үзүүллээ” гэв. Монголын шатарчдын энэ тэмцээнд үзүүлсэн онцгой амжилтыг дурдвал, дөрөвдүгээр ширээнд тоглосон Б.Мөнгөнзул алтан медаль хүртсэн бол Т.Мөнхзул их мастерын болзол хангасан. Тус тэмцээний шилдэг 20 шатарчны тоонд манай улсын гурван тамирчин багтсан нь бахдууштай амжилт болсон. Мөн нийлбэр дүнгээр шилдэг 30 холбоог нэрлэхэд Монголын шатрын холбоо 24 дүгээр байр эзэлсэн нь онцлууштай. Нэмж мэдээлэхэд Г.Амартүвшин Б.Мөнгөнзул нар Олон улсын мастер цолны болзол хангаж, Б.Нямдаваа Олон улсын шүүгчийн болзол биелүүлжээ.