Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ сургуулийн барилгын ажил бүрэн дуусч ашиглалтад орууллаа.
Тодруулбал: Сонгинохайрхан дүүргийн тус дүүргийн 4 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажил бүрэн дуусч ашиглагчид хүлээлгэн өглөө.
Тус сургуульд хамран сурах тойргийн буюу 3, 4, 26 дугаар хорооны хүүхдүүд хамрагдах боломжтой болж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 162 дугаар сургууль болж 9 сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Ванхүү” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.