ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид сүүлийн үеийн малтлага, судалгаа, хамтын ажиллагааныхаа талаар өчигдөр мэдээлэл хийв. Тус хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн “Олон улсын Түрэг академитай 2014 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Монголын нутгаас эртний Түрэгийн үеийн археологийн дурсгал илрүүлэх чиглэлээр хамтарсан судалгааг эхлүүлсэн. Бид өнгөрсөн хугацаанд Булган аймгийн Баян-Агт сумын Шивээт улааны цогцолборт ажиллахдаа Түрэг, Уйгурын үеийн томоохон тахилгын цогцолборт малтлага, судалгаа амжилттай хийсэн. Мөн Архангай аймгийн Хашаат сумын нутагт орших Номгон цогцолборт 2019 оноос хойш ажилласны үр дүнд нэгэн сонирхолтой олдвор илрүүлсэн нь эртний Түрэгийн түүхэнд холбогдох, бичгийн дурсгал юм” хэмээн онцлов. Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Дархан Кыдырали энэ үеэр “Эртний Түрэгийн соёлын гайхамшигт өв бол бичгийн дурсгал. Бид малтлагын явцад эртний Түрэгийн тахилгын онгон илрүүлсэн бөгөөд тэр дунд 80 см цооног нүхтэй чулуун тэмдэг байсан. Энэ нь зөвхөн хаадын тахилгад байдаг тэмдэг. Уг олдвор нь Билгэ хааны гэрэлт хөшөө олдсоноос хойш 100 гаруй жилийн дараах нээлт болж, эртний Түрэгийн үеийн түүхэнд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Бэлтгэсэн Г.Заяа