Монгол орны газар зүй, геологи, ашигт малтмал, ургамал, амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой 12 000 гаруй үзмэртэй Байгалийн түүхийн музейнхэн “айлын хаяа” бараадаад гурав орчим жилийн нүүр үзэж байна. Тус музейн барилгыг стандартын шаардлага хангахгүй, хэзээ мөдгүй нурахад бэлэн болсон хэмээн 2013 оноос хойш “ад үзсээр” 2019 оны намар буулгасан юм. Ингэхдээ музейн шинэ байрыг Их тэнгэрийн аманд барихаар болсон. Харин түүний суурин дээр “Чингис хаан” музей байгуулахаар шийдвэрлэсэн нь хоёр жил хүрэхгүй хугацаанд ажил хэрэг болсон юм. Харамсалтай нь, Байгалийн түүхийн музей байгуулах ажил дорвитой урагшилсан зүйлгүй, газрын маргаанаас эхлээд санхүүжилт зэрэг олон бэрхшээлд бүдэчсээр гурван он дамжсан. Өдгөө уг музейнхэн Үлэг гүрвэлийн төв музейн байранд (хуучнаар Лениний) буюу зориулалтын бус газарт үйл ажиллагаа явуулж, үзмэр, эд өлгийн зүйлсээ байршуулж байгаа. Тэгвэл Соёлын яам музейн барилгын гүйцэтгэгчийг тодруулах ээлжит тендерийн сонгон шалгаруулалтыг зарлажээ. Уг ажлын нийт санхүүжилт нь 94.4 тэрбум төгрөг бөгөөд энэ онд 237.3 саяыг төсөвт суулгасан гэнэ.
Хүйтэн, сэрүүний улирал хаяанд ирсэн, барилгын ажил зогсох дөхөж буй үед тендерийн сонгон шалгаруулалт зарласан шалтгааныг Соёлын сайдын хэвлэлийн төлөөлөгч Б.Ширнэнгээс тодруулахад “Үүнд компаниуд ерөөсөө оролцохгүй байгаа. Тиймээс дахин дахин зарлахаас аргагүй болсон. Барилга барих компанийг нь олоогүй учраас гүйцэтгэлийн ажил хэзээ эхлэх нь ч тодорхойгүй” гэсэн юм. Байгалийн түүхийн музейн шинэ барилга барих тендерийг анх БСШУСЯ хариуцаж байв. Тэд энэ ажлыг 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж, хоёр удаа тендер зарлахад нэг ч компани оролцоогүй гэнэ. Дараа нь Төрийн худалдан авах ажиллагааны газар гурван удаа шалгаруулалт хийх гэж “оролджээ”. Харин энэ удаагийнх зургаа дахь нь юм байна.