Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад залуу үеийнхний оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд энэ чиглэлийн ойлголт, мэдлэг түгээх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ хамтран зохион байгуулахаар санаачилсан “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуус” олон улсын чуулган “Чингисийн хүрээ” жуулчны баазад өчигдөр эхэллээ. Тус чуулганыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд аймаг, нийслэл дэх ерөнхий боловсролын сургууль, олон улсын байгууллагын төлөөлөл, 14-18 насны 500 гаруй хүүхэд, залуус оролцож байна. Арга хэмжээний нээлтэд НҮБ, Европын Холбоо, Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөллөөс гадна Монголын улаан загалмай, Монголын хүүхдийн зөвлөл, “Оюутолгой” ХХК зэрэг дэмжигч аж ахуйн нэгж, байгууллагынхан оролцсон юм.
Хүүхэд, залуусын нийгмийн оролцоог хангахад чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг үндэсний болон олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр тэднийг нэгтгэсэн сүлжээ бий болгож, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодитой алхмуудыг хийх санаачилгын эхлэл нь энэхүү чуулган гэдгийг БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам онцлов. Харин БОАЖ-ын сайд асан Ц.Батжаргал “2022 оны долдугаар сард Португал, Испани, Франц, Британийн зарим нутагт агаарын температур анх удаа 40 градуст хүрсэн. Иберийн хойгт олон хоног 35 градусаас дээш халлаа. Европт дулааны долгионы үргэлжлэх хугацаа улам бүр нэмэгдэж, энэ нь цаашид хэвийн үзэгдэл болно хэмээн Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлж буй түгшүүртэй цаг үед залуусын анхаарлыг уг асуудалд хандуулж байгаа нь оновчтой алхам” хэмээн тодотгов.
НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны төлөөлөгч Б.Намуун оролцогчдыг төлөөлж үг хэлэхдээ “Анх Грета Тунбергийн дэвшүүлсэн асуудал, илтгэлээс уур амьсгалын өөрчлөлт хэмээх ойлголтыг мэдэж авсан. Үүнийг лавшруулан судлах явцдаа бидний амьдралд ч өдөр тутам нөлөөлж байгааг анзаарсан юм. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал бол томчуудад л хамаатай асуудал биш. Үүний эсрэг тэмцэхэд залуусын дуу хоолой, манлайлал чухал үүрэгтэй” гэсэн бол Монголын хүүхдийн зөвлөлийн гишүүн Н.Отгонгүнж “Манай байгууллага тэргүүн, дэд тэргүүнээ сонгохдоо мөрийн хөтөлбөрийг нь чухалчилдаг. Би энэ сонгуульт ажилд оролцохдоо “Тогтвортой хөгжлийн зорилго”-уудыг хөтөлбөртөө тусгасан. Уур амьсгалын өөрчлөлтийг эрчимжүүлж буй хүний нөлөөллийг бууруулъя гэвэл тогтвортой хөгжлийн зорилгыг ойлгуулж, таниулах нь чухал” хэмээв.
Оролцогчид эхний өдөр судлаач, мэргэжилтнүүдийн бэлдсэн илтгэл, мэдээллийг сонсож, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлын талаарх мэдлэгээ зузаатгасан бол өнөөдөр байгалийн гамшиг, усны хомсдол, нийгмийн эрүүл мэнд, хог хаягдлын менежмент зэрэг сэдвийн хүрээнд чуулах нь. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд манай улсад зохино байгуулахаар төлөвлөсөн. Тэгвэл эл арга хэмжээг үүний бэлтгэл ажлын нэг гэдгийг зохион байгуулагчид хэлэв. Чуулганы төгсгөлд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах чиглэлээр ажиллах хүүхэд, залуусын чаптер байгуулах гэнэ.