Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг "Бодлогын инноваци-2021" төслийн уралдаанд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй сургуулийн загвар төсөл"-ийг бичиж шалгаран Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр дунд сургуультай хамтран хэрэгжүүлжээ.
Уг төслийг 2021 оны 07-12 дугаар сарын хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд сургуулийн багш ажилчдаас гадна хамран сургах тойргийн хорооны ажилчид болон найман дэмжлэгийн багийнхныг хөгжлийн бэрхшээлийн ойлголт мэдлэгтэй болгох, ямар ч бэрхшээлтэй хүүхэд ирэхэд хүлээн авч тэгш хамруулан сургах чадвартай хамт олон бий болгох зорилгоор хэрэгжүүлсэн. Тодруулбал, уг төслийн хүрээнд сургалтыг мэргэшсэн төрийн бус байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүллээ:
- хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлага олгох сургалт,
- хөгжлийн бэрхшээлийг биечлэн үзүүлэх сургалт,
- хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, ганцаарчилсан төлөвлөгөөг хэрхэн боловсруулах тухай сургалт,
- аутизмтай хүүхэдтэй хэрхэн ажиллах тухай сургалт,
- дауны синдромтой хүүхэдтэй хэрхэн ажиллах тухай сургалт,
- суралцахуйн бэрхшээл, анхаарлын дутмагшилтай хүүхэдтэй хэрхэн ажиллах тухай сургалт
Төслийн багийн хувьд дээрх сургалтуудыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэхээс өмнө суурь судалгаа болгож багш эцэг эхчүүдээс цахим асуумж бөглүүлсэн аж. Түүнчлэн төслийн хүрээнд тус сургуулийн сурагч, эцэг эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч коронавирусын тархалтын нөхцөл байдалтай холбоотойгоор зохион байгуулж чадаагүй юм.
Харин төслийн хүрээнд сургуулийн хамт олныг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцууллаа.
Төсөл хамтран хэрэгжүүлэгч 149 дүгээр сургуулийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2020 онд ашиглалтад оруулсан бөгөөд сургуулийн гадаад, дотоод орчны хүртээмжтэй байдлыг бүрэн бүрдүүлж, барилга, байгууламжийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад саад бэрхшээлгүй байдлаар тохижуулсан юм. Тус сургууль нийт 70 гаруй багш ажилтантай ба 2021-2022 оны хичээлийн жилд 4 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байсан юм. Түүнчлэн уг сургуулийн хамран сургах тойргийн бүс буюу ЧД-ийн 7 дугаар хороонд нийт 70 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдардаг байна.
Сургуулийн удирдлага, хамт олны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авч тэгш хамруулан сургах бүрэн боломжтой боллоо гэсэн сэтгэгдэл өндөртэй байна.
Дашрамд дурдахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамран сургах тойрог харгалзахгүйгээр сурах боломжтой бөгөөд тус сургуулийг сонгон суралцах боломжтой боллоо.