Цаг уур, орчны шинжилгээний газар БНСУ-ын Цаг уурын хүрээлэнтэй хамтран “Монгол Улсад цаг агаарын ажиглалтын мэдээллийн удирдлагын нэгдсэн системийг суурилуулах төсөл”-ийг 2022-2025 онд хэрэгжүүлэхээр болжээ. Цаг уурын ажиглалт, мэдээллийн дэд бүтцийг сайжруулах замаар байгалийн гамшиг, аюулт үзэгдлээс үүдэлтэй эрсдэлийг бууруулах нь төслийн зорилго аж. Уг хамтын ажиллагааны хүрээнд нийслэл болон Өвөрхангай, Дундговь аймагт цаг уурын автомат станцын сүлжээ байгуулах гэнэ. Мөн Өвөрхангайн Арвайхээрт агаар мандлын ажиглалтыг 30 км хүртэлх өндөрт хийх чадамжтай аэрологийн станц суурилуулахаар төлөвлөсөн байна. БНСУ-ын Цаг уурын хүрээлэнгийн төлөөлөгчид төслийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор өнгөрсөн сарын сүүлчээр манай улсад ирэхдээ урьдчилсан судалгаа хийж, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзжээ. Талууд цаг уурын салбарын боловсон хүчнийг чадавхжуулах сургалтыг шат дараатай зохион байгуулахаас ажлаа эхлүүлэхээр зөвшилцсөн аж.