Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан хариуцсан нутаг дэвсгэртээ өнгөрсөн долоо хоногт хяналт шалгалт зохион байгуулж, ууланд отоглон, бүгж байсан бүлэг самарчдыг буулгажээ. Энэ хэргийг шалгуулахаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанд шилжүүлээд буй. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаг, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумд байгалийн дагалт баялгаар ахуй амьдралаа залгуулдаг иргэд жимс түүх “ажиллагаанаас” самрынхад шилжжээ. Өөр аймаг, сумаас ч иргэд олноороо зорин очиж буй гэнэ. Өчигдөр гэхэд “Хүдэр сум ойн анги” ОНӨААТҮГ-ынхан хилийн зурваст самар түүхээр очсон долоон иргэнийг илрүүлж, торгожээ. Хушны самрын нөөцтэй цөөн аймгийн тоонд ордог Увсад ч хулгайн самарчид хэдийн ажилдаа гарчээ. Төрийн тахилгатай хэмээдэг Хөн Хөхий уул самарчдын хөлд сүйдэж буйг орон нутгийн иргэд асуудал болгон дэвшүүлж, салбарын сайдынхаа цахим хуудсанд “ховлосон” байна билээ.
Зах, худалдааны төвийн гадаа, гудамж, талбайд ил задгай худалдаа эрхэлдэг хүмүүс ч “Шинэ самар аваарай” гэж иргэдийг “даллаад” эхэлж. “Бөмбөгөр” худалдааны төвийн гадаа төмс, хүнсний ногоо борлуулдаг наймаачид 300 граммын савлагаатай самрыг 5000, 800 граммыг нь 13 000-аар зарж байна. Увсын Баруунтуруунд өдгөө нэг кг самрыг 12 000 төгрөгөөр худалдаж авдаг, зардаг ханш тогтсон байгааг нутгийн иргэн хэлэв. Үндсэндээ самрын наймаа хаа сайгүй цэцэглэж, самарчид уул, хадаар амьдарч эхлэв. Салбар яам, орон нутгийн холбогдох байгууллагынхан үүнд анхаарч, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, хяналт тавихгүй бол хушин ой хулгайчдын гарт сүйдэх нь.
...Ялангуяа самрын болц гүйцээгүй, түүхэд тохиромжгүй үед моддыг хайр найргүй мунадаж, цохидог хүмүүс үүнд үлэмж “хувь нэмэр” оруулсан. Тиймээс цаашид хушин ойгоо хамгаалъя, байгалийн баялгаа зохистой ашиглая гэвэл хууль бусаар самар түүдэг явдлыг таслан зогсоох хэрэгтэй...
Самар түүж буй хүмүүсийг хулгайчид хэмээн хэлсэн нь учиртай. Хууль, журмаараа бол есдүгээр сарын 10-наас гуравдугаар сарын 10 хүртэлх хугацаанд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ойгоос самар түүж, бэлтгэхийг зөвшөөрдөг. Харин зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө түүж, бэлтгэн, борлуулсан тохиолдолд зөрчил гаргасан хэмээн үзэж, Байгаль орчныг хамгаалах, Байгалийн ургамлын, Зөрчлийн, Ойн тухай зэрэг хуулийн дагуу арга хэмжээ авах үндэслэлтэй. Тодруулбал, хуулийн хугацаа болоогүй, болц нь гүйцээгүй үед самар түүвэл ойн дагалт баялгийг хулгайгаар ашигласан гэж үздэг юм. Хушин ой сүйдэх нь гэж онцолсон нь ч шалтгаантай. Учир нь судлаачид “Монгол орны хушин ойн моддын 60 гаруй хувийнх нь өсөлт саарч, устах аюулд ойртсон” гэж дүгнээд буй. Иймд энэ төрлийн моддыг гэмтээхгүй байх, хамгаалах чиглэлд анхаарахыг зөвлөдөг. Харин хушин ой ингэтлээ доройтоход хүргэсэн гол хүчин зүйл нь түймэр, хортон шавжаас гадна самарт шунасан иргэд. Ялангуяа самрын болц гүйцээгүй, түүхэд тохиромжгүй үед моддыг хайр найргүй мунадаж, цохидог хүмүүс үүнд үлэмж “хувь нэмэр” оруулсан. Тиймээс цаашид хушин ойгоо хамгаалъя, байгалийн баялгаа зохистой ашиглая гэвэл хууль бусаар самар түүдэг явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Үүний тулд самар бэлтгэх болон хориглох шийдвэрийг эртхэн гаргаж, тэр дагуу хяналт шалгалтаа чангатгаж, хүн хүчээ хуваарилбал зохилтой. Одоогийн байр байдлаас ажиглахад, БОАЖЯ-ныхныг хуулийн хугацаанд “найдаж”, шийдвэр гаргах гэж дунших зуурт хулгайн самарчид тэднээс өрсөн, ажлаа эхлүүлж байна.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/166 дугаар тушаалаар баталсан, өдгөө мөрдөж буй Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын дагуу тухайн жилийн ургацын байдлыг орон нутаг дахь ойн ангиуд судлан тогтоож, наймдугаар 1-ний дотор БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвд мэдээлдэг. Харин тус төвийнхөн аймаг, сумдаас ирүүлсэн мэдээллийг нэгтгэж, дүгнээд, түүнийгээ наймдугаар сарын 20-ноос өмнө байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлдэг. Яамныхан үүнд үндэслэн тухайн жил хаанаас, хэчнээн тонн самар түүлгэж, бэлтгүүлэх шийдвэрийг бүсчлэн гаргадаг. Энэ шийдвэрийг гаргах цаад талын хугацаа нь есдүгээр сарын 1. Орон нутаг дахь ойн ангийнхныг мэдээлэл, судалгаагаа илгээснээс хойш нэг сарын дараа шийдвэр гаргадаг гэсэн үг. Тодруулбал, Ойн судалгаа, хөгжлийн төв, БОАЖЯ-ныхан хоорондоо “бичиг цаас” дамжуулж, мэдээлэл солилцох гэж 30 хоног бардаг байх нь. Нэгэнт ургацын төлөв байдал тодорхой болж, орон нутгууд дүгнэлтээ илгээсэн бол хугацаа алдахгүй, нэг өдрийн өмнө боловч шийдвэр гаргах нь чухал. Ингэвээс наанадаж самар бага ургасан газрууддаа хориг тогтоож, хүний хөлөөс хамгаалж чадна шүү дээ.
Дээрх журмаар бол БОАЖЯ-ныханд өдгөө шийвэр гаргахад долоо хоногийн хугацаа үлдээд буй. Тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын Ойн нөхөрлөл, ойн ангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Энхжаргалаас самрын квот тогтоох шийдвэр хэзээ гарах талаар тодруулахад “Журмаа мөрдөж, ирэх сарын 1-ний дотор шийдвэрлэнэ. Ойн судалгаа, хөгжлийн төв дүгнэлтээ хараахан ирүүлээгүй байна. Гэхдээ дуусаж байгаа” гэсэн юм. Үүнээс үзэхэд БОАЖЯ-ныхан самар түүж, бэлтгүүлэхтэй холбоотой шийдвэрээ энэ удаа ч цагийг нь тулгаж гаргах бололтой.
Архангай, Баян-Өлгий, Булган, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Төв, Увс, Сэлэнгэ гэсэн 10 аймгийн 63 сум болон нийслэлийн ногоон бүсэд хушин ой тархсан байдаг. Өнгөрсөн жил дийлэнх нутагт самрын ургац тааруу байсан учир Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн есөн сумаас л ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар 14 000 тонн самар түүж, бэлтгэх зөвшөөрөл олгосон юм. Ургацын төлөв байдлаас шалтгаалан квотыг харилцан адилгүйгээр, бүсчлэн тогтоох шийдвэрийг өнгөрсөн жил утгаар нь хэрэгжүүлсэн учраас хушин ойн нэгээхэн хэсэг нь “амарсан”. Тиймээс өнөө жил ургац ахиу байх магадлалтай гэж иргэд таамаг дэвшүүлж байна. Харин судлаачид самар их, бага ургаснаас үл хамааран тодорхой хэсэгт хориг тогтоож, өнжөөх байдлаар байгалийн баялгаа хамгаалж, экологийн тэнцвэрийг хадгалах ёстой гэсэн санал хэлэх болов.
Байгаль орчин тандан судлаач, байгалийн ухааны доктор Б.Эрдэнээ гэхэд самар түүж, бэлтгэх хуулийн хугацаа аравдугаар сарын 15-нд байсныг нэг сараар урагшлуулсан нь ой доройтох гол шалтгаан болсон гэж үзэж буй. Мөн тэрбээр Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд өөрчлөлт оруулах, тухайн жилийн ургацын хэмжээг үнэн зөв тогтоох, самар түүх стандарт баталж, хэрэгжүүлэх чиглэлд анхаарах шаардлагатайг онцлов. “Тэрбум мод” санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд ганц ширхэг боловч мод ургуулах, нэг га ойг ч сүйдэхээс хамгаалах “шаардлагатай” болсон, хортон шавжийн тархалтаас ногоон бүсээ чөлөөлөхөд анхаарч буй өнөө үед БОАЖЯ-ныхан ойн асуудалд нухацтай хандаж, эрдэмтэн, судлаачдынхаа энэ мэт санал, зөвлөмжийг тусгавал үр дүнтэй сэн.