ЦУОШГ-ын цаг уурч М.Нарангэрэл өнгөрсөн баасан гарагт “Маргаашаас эхлээд ихэнх нутгаар сэрүүснэ. Баруун аймгуудын уулархаг бүсэд нойтон цас, төвийн нутгийн ихэнх хэсэгт бороо орж, говь, тал хээрт салхи шуургатай байна” гэж цаг агаарын төлөвийг танилцуулсан. Тэгвэл уг прогнозын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд манай орны баруун бүсийн зарим аймагт нойтон цас орж, хүйтэн, сэрүүний улирал хаяанд ирснийг санууллаа. Тухайлбал, Завхан аймгийн Дөрвөлжин, Идэр, Говь-Алтайн Хөхморьт, Увсын Тариалан, Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумд нойтон цас оржээ. Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай сумдыг дамнан оршдог Хан Хөхийн нуруунд гэхэд өчигдрийн байдлаар нэлээд зузаан цас тогтож, цаг агаар эрс хүйтэрсэн талаар орон нутгийн иргэд мэдээлж байв. Цаашид ч манай орны ихэнх нутгаар сэрүүсэж, төвийн бүсэд бороо, уулааараа нойтон цас ойрхон давтамжтай орох төлөвтэй гэнэ. Монгол Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчимд энэ долоо хоногт шөнөдөө 3-8 градус хүрч, хөрсөн дээр цочир хүйтрэх нь. Өнөө шөнө Хөвсгөлийн Цэцэрлэг, Завханы Идэр, Нөмрөг, Тосонцэнгэл, Архангайн Хангай, Чулуут, Цэнхэр сумд нойтон цас орж, хүйтрэх төлөв ажиглагджээ. Иймд малчид, тариаланчдыг цаг агаарын нөхцөлд тохируулан ажлаа төлөвлөхийг цаг уурын байгууллагаас анхааруулав.