Улаанбаатар хотод одоогоор автобусны 1169 зогсоол бий аж. Нийслэлийн ЗДТГ-аас Францын “JCDecaux” компанитай хамтран тэдгээрийг үе шаттайгаар шинэчлэн тохижуулж буй юм байна. Одоогоор 549-ийг нь стандартад нийцүүлэн засжээ. Харин шинэчлэх шаардлагатай 620 зогсоол үлдээд байгаа гэнэ. Үлдсэн зогсоолуудыг стандартын дагуу бүрэн шинэчлэх ажлыг дээрх компанитай хамтран ирэх оноос хэрэгжүүлэхээр болсныг нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. Ташрамд дурдахад, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ХААИС-ийн баруун талын автобусны буудлыг сэргээн байгуулж байна. Уг хэсэгт өмнө нь автобусны буудал байсан ч авто зогсоол болгон ашиглаж байжээ. Иргэд санал хүсэлт гаргасныг харгалзан үүнийг сэргээн байгуулж буй гэнэ.