“Атлетик 220” клуб энэ улирлаас эхлэн дээд лигт тоглохгүй болсноо өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Тус багийнхан санхүүгийн боломжгүйн улмаас ийм шийдвэрт хүрснээ илэрхийлсэн байна. “Атлетик 220” клубийнхэн байгуулагдсан цагаасаа хойш зургаан жилийн хугацаанд Монголын хөлбөмбөгийн хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан. Тэд “Хүрхрээ” I лиг, футзалын УАШТ-ий болон дээд лигийн хошой аварга болж байв. Мөн лигийн цом ч гардаж байлаа. Хөлбөмбөгийн спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг мастер ангиллын УАШТ өнгөрсөн мягмар гарагт “Шинэ Яармаг” дахь хөлбөмбөгийн талбайд эхэлсэн. Тоглолтын салхийг 35, 45 насныхан хагалав. Тэмцээн уламжлалын дагуу 35, 40, 45, 50, 55, 60+ насны ангилалд 10 өдрийн турш үргэлжлэх юм. Мастер ангиллын УАШТ-ий шилдгүүдийг энэ сарын 25-нд тодруулна.