Зүүн Азийн есөн орны 14-18 насныхны дунд болдог 12 төрөлт спортын наадмыг ирэх оны наймдугаар сард Улаанбаатарт зохион байгуулахаар болсон юм. Энэхүү “Улаанбаатар-2023” наадмыг Зохион байгуулах хорооны дэргэдэх дэд хорооны ажлын хэсэг өчигдөр хуралдаж, бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцэв. Тус наадамд оролцохоор 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан манай улсад ирэх тооцооллыг албаныхан гаргажээ. Мөн албаны 4500 орчим хүн Улаанбаатарт ирэх төлөвтэй гэнэ. Энэ нь Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогддог, бүс нутгийн хэмжээний томоохон тэмцээн юм. Ийм хэмжээний наадмыг Улаанбаатарт анх удаа зохион байгуулах аж. Тиймээс зохион байгуулалтад нь онцгой анхаарч, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байгааг дээрх ажлын хэсгийнхэн тодотгов.
Наадам зохион байгуулах гол цогцолборыг өдгөө Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт барьж буй юм. Уг ажлыг 2020 оноос эхлүүлсэн бөгөөд спорт цогцолборын бүтээн байгуулалт одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй гэнэ. Тэр дундаа хөлбөмбөгийн талбай болон дэд бүтцийн ажил нь дуусах дөхсөн буюу 95 хувьтай аж. Спорт цогцолборын зарим хэсгийг энэ онд, үлдсэнийг нь ирэх жил наадам эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Сонирхуулахад, Монголын үндэсний олимпын хороо болон Зүүн Азийн наадмын холбооны төлөөлөгчид 2017 онд гэрээ байгуулснаар уг наадмыг Улаанбаатарт зохион байгуулах албан ёсны шийдвэрийг гаргажээ. Энэ нь Зүүн Азийн залуучуудын хоёр дахь наадам юм байна.