Төслийн хүрээнд ухаалаг нийтийн тээвэр, зогсоол, ухаалаг худаг, шатлал бүрийн эмнэлгийн үйл ажиллагааг цахимжуулах, хэсгийн ахлагчийн нэгдсэн систем, онлайн бизнес төв, зам тээврийн ухаалаг систем, гэрлэн дохио, авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн систем зэрэг 19 төрлийн төслийг үндэсний технологийн компаниуд, монгол инженерүүд боловсруулж байна.
"Ай Си Ти групп" ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн энэ талаар ярихдаа, “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй нийт 579 төрлийн үйлчилгээний 131 нь цахим хэлбэрт шилжиж үлдсэн 448 нь уламжлалт хэлбэрээр явж байгаа. Эдгээр үйлчилгээг бүрэн цахимжуулах боломжтой. Төрийн албан хаагчид ойролцоогоор 4406 цагийг уламжлалт хэлбэрийн үйлчилгээ үзүүлэхэд зарцуулдаг. Төсвийн орлогын биелэлт, төлбөр төлөлт жил тутамд багасаж байгаа. Хогны хураамжийг нийт өрхийн 55 нь өгдөг ч үлдсэн 45 хувь нь тушаадаггүй. Дижитал шилжилт хийснээр төлбөр, хураамж, орлогыг бүрэн төвлөрүүлэх боломжтой болж, зардлыг багасгана. Нийтийн тээврийн хяналтыг сайжруулж, төсвөөс өгч буй татаасыг багасгах үр дүн гарна” гэлээ.
Энэ онд 11 төслийг дуусгахаар төлөвлөснөөс гэрлийн автоматжуулалтын шон, сургуулийн болон ӨЭМТ-ийн киоск, 92 мянган сурагчийн карт, ухаалаг худгийн систем төслийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Эрүүл мэндийн нэгдсэн систем”-ийг өрхийн 7 эмнэлэгт хэрэгжүүлээд эхэлжээ. Багш, эцэг эхчүүдийн нэгдсэн аппликейшн нэвтрүүлснээр хүүхдийнхээ үзсэн хичээл, гэрийн даалгаврыг мэдэж болохын дээр хүүхэд нь ямар автобусаар хаана зорчиж байгаа мэдээллийг ч авах боломжтой аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ үеэр хэлэхдээ “Нэг тархи-нэгдсэн систем”-ийг хөгжүүлэхийн тулд нийслэл бодлогоор дэмжинэ. Цаг хугацаа алдалгүйгээр цахим шилжилт хийх хэрэгтэй. “Ухаалаг Улаанбаатар”-ыг бүтээхийн төлөө зүтгэж буй үндэсний компани, залуу инженерүүддээ итгэж байна” хэмээснийг нийслэлийн Сургалт судалгаа олон нийттэй харилцах газар мэдээлэв.