Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр / 2022.08.16 / арилжааны банкуудын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад Монголын банкны холбоо, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Капитрон банк, М банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны төлөөлөл оролцсон юм.
Цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд энэ оны тавдугаар сараас мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд банкны үйлчилгээг цахимаар авах, үйлчлүүлэх, банк нь E-mongolia системээс олгож буй баримт бичгийг хүлээн зөвшөөрөн гүйлгээ хийх зэрэг тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц, боломжийн талаар талууд санал солилцлоо.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар цахим бичиг баримтыг цаасан бичиг баримтын нэгэн адил үзнэ хэмээн заасан байдаг ч бусад хууль тогтоомжид энэхүү зохицуулалт ороогүй байдгаас үүдэн, арилжааны банкууд заавал иргэний бичиг баримтыг шаардах тохиолдол байдаг гэсэн юм. Иймд цаашид холбогдох хууль эрх зүйн баримт бичигт нэмэлт өөрчлөх оруулах нь чухал болоод буйг банкнуудын төлөөлөл онцолсон юм.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс Хууль зүйн яамтай хамтран банкны салбар дахь цахим шилжилттэй холбоотой үүсээд буй буй хүндрэл гацаа болсон хууль эрх зүйн асуудлыг ирэх намрын чуулганаар шийдвэрлүүлэх тал дээр хамтран ажиллах болно гэдгийг онцлов.
Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам