Улсын филармонийн концертын танхимын үзэгчдийн суудлыг дөрвөн түвшнийх болгон өөрчилнө
Мэргэжлийн соёл урлагийн зарим байгууллагын засварын ажил үргэлжилж байна. ДБЭТ-ын их засварын ажлыг тендерт шалгарсан “Marvel house construction” ХХК-ийнхан гүйцэтгэж буй аж. Уг театрын засвар, шинэчлэлийн ажилд 1.9 тэрбум төгрөг төсөвлөсөн хэмээн Соёлын яамнаас мэдээлж байсан. Ажлын явц хэр байгаа талаар тус компанийн инженер Т.Ерболоос тодруулахад “Засварын ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 1-нд эхлүүлсэн. Ирэх аравдугаар сарын 1-нд дуусган, хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл одоогоор 60 орчим хувьтай. Барилгын гадна талыг бүгдийг нь хуссан. Одоо өнгөлгөөний шавардлага хийж буй. Дараа нь уламжлалт ягаан өнгөөр нь будах юм. Байшингийн дээврийг бас засаж байгаа. Дээврийн гөлмөн төмрийг шаардлагатай газарт нь нөхөж, резин будгаар будсан. Одоо үндсэн саарал өнгө тавьж байна. Засвар хийх явцад хүндрэл бэрхшээл гараагүй. Харин бороотой өдөр ажлаа зогсоодог. Барилгын өнгө үзэмжийг сайжруулахын тулд гаднах хээ угалз, баримлуудыг тодруулж сэргээнэ. Ховхорч унасныг нь нөхнө. Байшинг нийтэд нь тойруулж, багануудыг дамнуулан урласан хүн болон амьтдын дүрслэл бүхий олон баримал бий. Эдгээрийг манай компанийн мэргэжлийн хоёр барималчин засаж, сэргээх юм. Тэд өнгөлгөө хийж дуусcаны дараа ажиллана” хэмээн ярилаа. “Marvel house construction” ХХК нь Зүүнхараагийн театр, Сүхбаатар аймаг дахь Төрийн банк зэрэг барилга, байгууламжийг барьсан аж.
Соёлын яамны зүгээс 2022 онд УИХ-ааc баталсан төсвийн хүрээнд зөвхөн ДБЭТ бус, УДЭТ, Чойжин ламын сүм музей, Богд хааны музей гэсэн түүхэн дурсгалт барилгыг хүчитгэж, их засвар хийнэ гэж мэдээлж байсан.
УДЭТ үзэгчдийн танхимаа засаж, шинэчлэх төлөвлөгөөтэй. Гэтэл одоо хүртэл гүйцэтгэгч байгууллагын нэрийг тодруулаагүй байгаа аж. Театрын захиралтай холбогдож, тендер удааширсан шалтгааныг тодруулахад “Тендерт оролцсон байгууллагууд шаардлага хангахгүй байгаа юм болов уу. Асуудал Худалдан авах ажиллагааны газрын түвшинд байх шиг байна. Хариу хүлээгээд л сууж байна. Засварын ажил эхэллээ гэхэд намрын уран бүтээлийн улирлын нээлтээс өмнө амжих уу, үгүй юү болох гээд л байна даа” гэв.
Чойжин ламын сүм музейн тухайд гаднах тохижилтын шинэчилсэн төлөвлөлтийн эх загвар зураг буюу эскиз бүтээх ажлыг нь Соёлын яамнаас санхүүжүүлэх учиртай аж. Яам, музей хамтарч мэргэжилтнүүдийн дунд эх загвар зургийн уралдаан зарлаад буй юм байна. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын эцсийн зорилгод хүрэхэд хувь нэмэр оруулахуйц ногоон байгууламж, явган хүний болон дугуйн зам, талбайн оновчтой, бүтээлч төлөвлөлт бүхий эх загвар зурагтай болохын тулд шилдэг төсөл шалгаруулаж ажээ. Уралдааны шагналын сан 10 сая төгрөг бөгөөд үүнийг Соёлын яам хариуцах гэнэ.
Чойжин ламын сүм музейн “Ядам” сүмийг гадаадын байгууллагын санхүүжилтээр засварлаж эхэлжээ.
Богд хааны ордон музейн хувьд Бурхдын болон “Найдан” сүмийг сэргээн засварлахад зориулсан 2.5 орчим тэрбум төгрөгийг Соёлын яамны зүгээс улсын төсөвт суулгуулж өгсөн аж. Тендерт оролцох байгууллага төдийлөн олдоогүйгээс ажил удааширчээ. Уг нөхцөл байдалтай холбогдуулан Соёлын яам арга хэмжээ авч буй гэнэ. Тиймээс засварын ажлыг удахгүй эхлүүлэх байх гэсэн мэдээллийг тус музейнхэн өгсөн юм.
Улсын филармонийн концертын танхимын үзэгчдийн хэсгийг засаж буй билээ. Өөрөөр хэлбэл, тайзыг хөндөхгүй. Уг ажлыг Япон Улсын Засгийн газар “Өвсний үндэс” хөтөлбөрийнхөө хүрээнд санхүүжүүлж буй юм. Гүйцэтгэгч нь “Сэтдимо” ХХК. Эднийх олон жилийн өмнөөс морин хуур, улмаар хийл зэрэг сонгодог хөгжим урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй. Өдгөө тайз, акустикийн чиглэлээр мэргэшжээ. Орон нутгийн хэд хэдэн театрт тайз хийж, акустикийг нь шийдэхэд мэргэжлийн зөвлөгөө өгсөн тус компанийн захирал Д.Түвшинтөрөөс Улсын филармонийн концертын танхимын үзэгчдийн хэсэг ямар болох талаар тодрууллаа. Тэрбээр “Засварын ажлын санал тавихад нь санаагаа хэлсэн юм. Нэг мөсөн тайзыг буулгая. Симфони оркестр талбайн голд суудаг, үзэгчид тойрч суугаад сонсдог байхаар засъя. Дүүжин таазыг бүгдийг аваад, оронд нь дээрээсээ акустик шийдэлтэй байлгахаар хийе. Цөөхүүл оркестр тоглох үед таазыг бага зэрэг доошлуулдаг, хөдөлгөөнтэй байлгахаар шийдье. Гадаадын Филармони холл ямар байдаг, түүн шиг болгоё гэсэн юм. Тэгэхэд дарга нь “Бид “айл”-аас байр түрээсэлдэг болохоор дур мэдэн өөрчилж болохгүй байх аа” гэснээр тэр санал дэмжигдээгүй. Тийм болохоор одоо үзэгчдийн хэсгийг засахдаа акустикийг боломжийн хэмжээнд нь сайжруулах зорилготой ажиллаж буй. Ашиглагч байгууллагын саналын дагуу үзэгчдийн сандлуудыг дөрвөн түвшинд байрлуулах юм. Шалан дээр дөрвөн эгнээ сандал нэг түвшинд байна. Түүний дараагийн түвшинд бас дөрвөн эгнээ, харин арынхад нь таван эгнээ байлгах гэх мэтчилэн ахиулж, 260 суудлыг байрлуулна. Филармонийнхон түшлэгтэй, өмнө байснаас арай тухтай сандал авсан байна лээ. Тийм болохоор зай нэлээд эзлэх тул ингэж байршуулахаас аргагүйд хүрсэн. Багтаамжид баригдаад байна л даа” гэлээ.