Нэг зорилго, үйлсийн төлөө нэгэн үе өвөр түрийдээ орохоос наагуур нөхөрлөж байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёрыг тойрсон дуулиан сүүлийн хагас сар гаруй хугацаанд хэвлэл мэдээллийн төдийгүй хүмүүсийн ярианы гол сэдэв байлаа. Тэдний тухай элдэв мэдээлэл гарсаар буй юм. Улсын мөрдөн байцаах газарт шалгуулахгүйгээ, унавал Ц.Нямдоржтой хамт унахаа нэг бус удаа мэдэгдэж байсан экс Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газрын ажилтнууд шалгахаар болоод байгаа билээ. “Улаанбаатар” сонины хувьчлалд гар дүрсэн гэх асуудлаар түүнийг буруутгаж буй нь олонд тодорхой болсон. Хууль сахиулагчдад ойр эх сурвалжаас авсан мэдээллээр экс Ерөнхйилөгчид багагүй НО байгаа бололтой юм. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид түүнтэй холбоотой байж болзошгүй хэд хэдэн асуудлыг шалгаж эхлээд байгаа гэх.
Бидэнд олдсон мэдээллээр Монголын “саалийн үнээ” гэгдэх Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт бараа бүтээгдэхүүн шахагчдын тэргүүн эгнээнд түүний нэр зүүлттэй явсан талаарх мэдээлэл мөрдөгчдийн гарт оржээ. Тодруулбал, дээрх үйлдвэ рийн захирал Ч.Ганзориг “БНХАУын Хонконгод бүрт гэлтэй “Helon Company Ltd”, “Great global international” компани нь манай үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулаад залилсан тул шалгаж өгнө үү” гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргажээ. Өргөдлийн дагуу шалгахад дээрх хоёр компанийг төлөөлөн Ж.Мягмаржаргал гэдэг хүн гэрээ хийсэн байна. Тэрбээр 2005 оны гуравдугаар сарын 25-нд H-L- 240305, 2006 оны зургадугаар сарын 27-нд H-L-230606 тоот гэрээг тус тус байгуулан ган бөмбөлөг нийлүүлэхээр болсон ч 1.8 сая ам.долларын бүтээгдэхүүн өгөөгүй аж. Түүнчлэн “Great global iternatiol Ltd” компанийг төлөөлөн 2007 оны аравдугаар сарын 24-нд 1.6 сая ам. долларын өртөг бүхий 4000 тонн ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулсан ч “гол гаргажээ”.
Хууль хяналтын байгууллагаас Ж.Мягмаржаргалд энэ оны хоёрдугаар сарын 18-нд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148-ийн дөрөв дэх хэсэгт зааснаар 21147056 тоот хэрэг үүсгэн шалгасан байна. Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн Ж.Мягмаржаргал нь БНХАУ-ын Хонконгод бүртгэлтэй дээрх компаниудыг үүсгэн байгуулж, ган бөмбөлөг нийлүүлэхээр урьдчилгаа төлбөрт дөрвөн сая шахам ам. доллар аваад залилан мэхэлсэн нь тогтоогдсон байна. Улсад их хэмжээний хохирол учруулсан түүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн боловч хяналтын прокурор нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан аж. Нэмэлт мөрдөн байцаалтын явцад гэрч Х.Наранхүү, Д.Ганбат, Б.Хамхаш нарын мэдүүллгээр дээрх хэрэгт тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Н.Энхбаяр албан тушаалаа урвуулан ашиглаж оролцсон байж болзошгүй үндэслэл тогтоогдсон байна. Тиймээс энэ хэргийг шалгах Ажлын хэсэг байгуулжээ.
Зарим эх сурвалжийн өгүүлснээр Ж.Мягмаржаргал нь экс Ерөнхийлөгчийн ойрын хамаатан бололтой. Мөрийтэй тоглоомчид түүнийг “саятан” хэмээн нэрлэдэг гэсэн. Н.Энхбаяр “Зууны мэдээ” сониныг МАХН-ын сонин болгоно хэмээн түүнээс 250 сая төгрөг авсан гэх мэдээлэл ч байна. Ийнхүү Авлигатай тэмцэх газрынхан УИХ-ын гишүүн Л.Гүндалай, О.Чулуунбат, Х.Наранхүү, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нараас гадна Н.Энхбаяр хэмээх “шүдний өвчин”-тэй болоод буй юм.
Д.ДАГВА