Швейцар болон Монгол Улсад 1999 онд олон нийтийн байгууллагын статустайгаар байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Олон улсын тахь групп” нийгэмлэг ирэх сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлэх нь. Тус нийгэмлэг байгуулагдсан цагаасаа Говийн их дархан цаазат газрын Б хэсэг (Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил, Ховдын Алтай, Үенч сумыг хамарсан нутаг)-т тахь нутагшуулах ажлыг Дэлхийн байгаль хамгаалах холбооны дүрэм, журмын дагуу, манай улсын Засгийн газартай хамтран зохион байгуулсаар иржээ. Харин өнөө жилээс өмнөх төслөө илүү өргөн хүрээнд, байгаль хамгааллын өөр хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэхээр болсон байна. Тахь судлах, нутагшуулах боловсон хүчин бэлтгэх, өдгөө ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, байгалийн нөөц ашиглалт, хамгаалалтыг зохистой түвшинд байлгах чиглэлээр голлон ажиллахаар төлөвлөжээ. Тэрчлэн “Олон улсын тахь групп”- ийн ерөнхийлөгч Рейнхард Шнидриг, тус нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ж.Батсүх, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар нар тахийг дэлхийн өвд бүртгүүлэх ажлыг ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй гэнэ. Ташрамд дурдахад, манай орны баруун бүсийн хоёр аймгийн газар нутгийг дамнасан уг хэсэг нь 18 мянган ам км-ийг хамардаг бөгөөд өдгөө тэнд 423 тахь идээшиж байгаа аж.