Нийслэлийн Онцгой байдлын газар, ЦЕГ хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 12 дахь жилдээ зохион байгуулав. Голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилготой эл арга хэмжээг хэрэгжүүлсэн сүүлийн хоёр сар орчмын хугацаанд алба хаагчид 51 хүний амь аварч, долоон автомашиныг уснаас татан гаргажээ. Усанд осолдож, эндсэн 16 иргэний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна. Завьт эргүүлүүд Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх хэсэгт үүрэг гүйцэтгэхдээ нийт 25 714 иргэнд зөвлөмж, мэдээлэл өгч, 6657 санамж хуудас тараажээ.