Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар залилсан гэмт хэрэгт холбогдсон Б.Бямбадорж нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 25 хүртэл хойшлууллаа. Уг хэрэгт холбогдсон хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 23.2 зүйлд заасан хуурамт бичиг баримт бүрдүүлэн, ашиглаж залилан үйлдсэн гэдэг үндэслэлээр тэдэнд яллах дүгнэлт үйлдсэн юм. Энэ хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр эхэлсэн боловч зарим яллагдагчийн өмгөөлөгч хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаснаар 14 өдрийн дараа дахин хугацаа товлолоо.
Урьдчилсан хэлэлцүүлэг болох хүртэл яллагдагч нарын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор Б.Бямбадоржид урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв. Харин яллагдагч Ц.Энхтайван, Б.Түвшинжаргал, Э.Золхүү, Б.Энхбаатар, Д.Гажидваанчиг, Б.Баттулга, Б.Баясгалан, Э.Энхсанжаа, Ц.Ариунтамир нарт өмнө нь авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх болгов.
Эргэн сануулахад, дээрх хүмүүс нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, Худалдаа хөгжлийн банкны “Шангри Ла” дахь салбараас хоёр сая ам.доллар (зургаан тэрбум орчим төгрөг) гаргуулж авсан байдаг. Яллагдагч Б.Бямбадоржийн хувьд бусдаас их хэмжээний мөнгө, гадаад валют удаа дараагийн үйлдлээр залилсан хэрэгт шалгагдаж байхдаа оргон зугтаж, эрэн сурвалжлагдаж байсан юм.
Бэлтгэсэн Н.Буян