Тусгай хамгаалалттай нутагт газар олгож, байгаль орчин бохирдуулсан, тухайн бүсийн экосистемийг алдагдуулж буй жишээ цөөнгүй. Дархан цаазат Богдхан уул, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрыг ийм жишээгээр нэрлэж болно. Тухайлбал, Богдхан уул нь дархан цаазат газар атал орон сууцын хорооллуудаар “хахах” болсон. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын тухайд нуурын эрэг дагуух талбайд жуулчны баазууд эгнэж, гэр хороолол шиг болтлоо өргөжөөд байгаа. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өчигдөр “Цаашид тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд шинээр газар олгохгүй” хэмээн мэдэгдэв. Холбогдох албаныхан өчигдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу “АСЕМ вилла” орчмоос Их тэнгэрийн ам хүртэлх талбайд хяналт шалгалт явуулсан байна. Тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан зэрэг зөрчил илрүүлжээ. Цаашид энэ мэт зөрчлийг арилгуулж, хуулийн дагуу хариуцлага тооцох төдийгүй газрын гэрчилгээг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж БОАЖЯ-наас анхааруулав. Үүний хүрээнд тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын бүс, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд барьсан объектуудад хяналт шалгалтыг тогтмол хийнэ гэлээ. Түүнчлэн шалгалтаар илрүүлсэн зөрчлүүдийг арилгах хяналтын ажлыг иргэд, олон нийтийн оролцоотой хийхээ илэрхийлэв.