Энэ сарын хоёрдугаар долоо хоногийн байдлаар Улаанбаатарын дийлэнх зах, дэлгүүрт монгол төмс кг нь дунджаар 2300, лууван 4000, байцай 2400 төгрөгийн үнэтэй байсныг нийслэлийн Статистикийн газраас мэдээлжээ. Түүнчлэн шар манжинг кг-ыг нь 3000, хүрэн манжинг нь 4500 төгрөгөөр борлуулжээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоосоо төмсний үнэ 17, луувангийнх 10, байцай болон шар, хүрэн манжингийнх дунджаар найман хувиар буурсан үзүүлэлт аж. Ер нь жил бүрийн 8-10 дугаар сард бүх төрлийн хүнсний ногооны үнэ хямдарч, шинэ ургацын бүтээгдэхүүний нийлүүлэлт огцом нэмэгддэг үе. Бид хүнсний болон нарийн ногооны үнэ ханш, нийлүүлэлт ямар байгааг сурвалжиллаа.
“Баянзүрх” худалдааны төвд өчигдөр 12.00 цагийн үед очиход хүнс, нарийн ногоо, жимсний лангууны орчимд үйлчлүүлэгчид цөөн байв. Өдийд иргэд зах, худалдааны төвөөс ногоо авахаас илүүтэй задгай талбайн худалдааны цэгүүдээр үйлчлүүлэх нь элбэгшдэг учраас тэр гэнэ. “Баянзүрх”-д төмс, хүнсний ногооны үнэ нэг сарын өмнөх үеийнхээс хямдарчээ. Тодруулбал, төмс кг нь 1500-2000, лууван болон шар манжин 3500, байцай 2000 төгрөгийн үнэтэй байв. Харин бөөрөнхий сонгиныг кг-ыг нь 3000, өргөст хэмхийг том, жижгээс нь шалтгаалан 2000-4500, салатны навчийг 7000, амтат чинжүүг 8000 төгрөгөөр үнэлсэн бол улаан лооль монгол нь 12 000, импортынх 8000 гэж байв. Энэ нь нэг сарын өмнөхөөс төмсний үнэ хоёр дахин, бусад ногооных 60 орчим хувиар хямдарсан дүн аж. Дээрх захын борлуулагч Б.Буян-Өлзий “Хавар ногооны үнэ өсөөд, намар хямдардаг шүү дээ. Гэхдээ өнгөрсөн хаврын хувьд төмс, хүнсний ногооны нийлүүлэлт бага байснаас үнэ нь өмнөх жилүүдийнхээс огцом өссөн. Манай хувьд “Барс”-аас бөөнд нь ногоогоо авч, кг тус бүрт нь 200-300 төгрөг нэмж борлуулдаг. Лангууны түрээсийн төлбөр энэ хавар нэмэгдсэн учраас бид ч борлуулж буй бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн” гэв.
“Бөмбөгөр” худалдааны төвд өчигдөр 13.30 цагт очиход мөн л хөл хөдөлгөөн бага байлаа. Ялангуяа төмс, хүнсний болон нарийн ногооны тасаг эзэнгүй шахам байсан юм. Тэнд төмс кг нь дунджаар 1800, шар манжин болон лууван 3500, байцай 2200 төгрөгийн үнэтэй байв. Харин бөөрөнхий сонгиныг кг-ыг нь 3200, өргөст хэмхийг 2500-5000, салатны навч болон амтат чинжүүг 7000-8000, улаан лооль монголыг нь 8000-12 000 төгрөгөөр үнэлжээ. Цэцэгт байцайг кг-ыг нь 7000, улаан сонгиныг 5000, саримс дөрвөн ширхгийг нь 6000 төгрөгөөр борлуулж байлаа. “Бөмбөгөр” худалдааны төвийн лангуу түрээслэгч Ч.Батцэрэг “Наймдугаар сар гармагц иргэд аялж, зугаалах нь багасдаг. Тиймээс төрөл бүрийн ногоо, жимсний борлуулалт буурдаг юм. Мөн шинэ ургацын ногоо гарч эхэлдэг ийм үед гадаа талбайд болон үзэсгэлэн, худалдаагаар ногоо борлуулагч олширдог. Тэгэхээр лангуу түрээслэгчдэд ашиггүй болдог. Өнөөдөр гэхэд үйлчүүлэгч бараг алга” хэмээн сэтгэл дундуур суув.
“Бөмбөгөр”-ийн гадна талбайд асрууд босгон төрөл бүрийн ногооны худалдаа эхлүүлжээ. Тэдгээрт борлуулж буй бүтээгдэхүүний үнэ зах, худалдааны төвийнхөөс кг тутамдаа 200 орчим төгрөгөөр хямд байна билээ. Асраас хүнсний ногоо худалдан авч байсан нэгэн иргэн “Наадмын өмнөх үеийг бодвол бүх төрлийн ногооны үнэ хямдарсан ч өнгөрсөн жилийнхээс үнэтэй байна. Би жил бүр жижиг өргөст хэмх авч нөөшилдөг юм. Ийм өргөст хэмх 2021 оны өдийд кг нь 1000 орчим төгрөг байлаа. Гэтэл одоо хоёр дахин нэмэгдэн 2000 даваад байна. Түүнчлэн монголд тарьж, бэлтгэсэн саримс, улаан сонгино, зөгийн бал зэргийн ханш импортынхоос харьцангуй үнэтэй байдаг болж. Тухайлбал, улаан сонгино кг нь 6000, саримс багц нь 30 000, зөгийн бал 500 грамм нь 25 000 төгрөгөөс давжээ. Ийм тохиолдолд иргэд бид яаж дотоодын хүнсний үйлдвэрлэл, тариалалтыг дэмжих вэ. Удахгүй энд, тэндгүй шинэ ургацын ногоо борлуулах асрын тоо олширч, үзэсгэлэн, худалдаа зохион байгуулна. Та бүхэн сайн анзаараарай. Бүх төрлийн ногоо, жимс, самар, байгалийн бүтээгдэхүүний үнэ маш өндөр байх вий” гэлээ. Түүнчлэн бүх төрлийн алим, тарвасны худалдаа ч “Бөмбөгөр”-ийн гадна эхэлжээ. Худалдаалчид Монголд ургуулсан гэж “сурталчилж” буй бол тарвасаа Ховдынх гэх аж. Монголд ургуулсан бэсрэг алим кг нь 8000, тарвас кг нь 3000 төгрөг аж. Чингэлтэй дүүргийн иргэн М.Амарсайхан “Манай орны нутаг дэвсгэрийн маш бага талбайд алим, жимс, жимсгэнэ тариалдаг. Алим тарьдаг цөм бүс бол Ховдын Булган, Алтай сум болон Говь-Алтайн Алтай юм. Тэнд ургуулсан жимснүүд боловсормогц аймаг орон нутгийнхан нь захиалж аваад дуусгадаг. Тиймээс Улаанбаатарт тээвэрлэн авч ирэх боломжгүй, нөөц байхгүй гэсэн үг. Мөн тарвасны болц наймдугаар сарын дунд үеэс хойш гүйцдэг. Өдийд ийм том хэмжээтэй тарвас борлуулна гэдэг нь бордоо их хэрэглэснийх. Ер нь гадаа талбайд зарж буй хүнсний бүтээгдэхүүний дээж, сорьц авч, хянадаг байгууллага байна уу. Монголд ургуулсан нэрийдлээр химийн бодистой ногоо зарахыг үгүйсгэхгүй шүү” хэмээн сэжиглэнгүй хандаж буйгаа илэрхийллээ.
Орон нутгуудаас болон урд, хойд хөршөөс нийлүүлж буй жимс, жимсгэнэ, хүнсний ногооны бөөний худалдааны төв бол “Барс”. Тус төвийн эргэн тойронд цөөнгүй байршилд, гадна талбайд ногоо борлуулдаг байсан бол өдгөө тэдгээрийг нэгтгэн, хуучнаар “1000 автомашины зогсоол”-д төвлөрүүлсэн аж. Тэнд борлуулж буй ногооны сонголт арвин, үнэ нь ч бусад худалдааны төв, дэлгүүрийнхээс хямд байна билээ. Тухайлбал, төмсийг бөөнөөр нь буюу 20 кг-аас дээш авбал кг-ыг нь 1000-1200, байцайг 1500-1600, лууван, шар манжинг 2800-3000 төгрөгт өгөх гэнэ. Түүнчлэн амтат чинжүү, цэцэгт байцай, салатны навч кг нь 5000 төгрөгийн үнэтэй байгаа бол өргөст хэмх монгол нь 2000-4000, улаан лооль 7000-9000 гэж байна. “1000 автомашины зогсоол”-д ногоо бөөндөн борлуулагч У.Цэцэнхүү “Төрөл бүрийн ногоог бөөний үнээр авч, нөөшилж, хатааж болох тохиромжтой цаг бол 8-9 дүгээр сар. Ногоо хямд бөгөөд шинээрээ байдаг үе. Цар тахлын тархалт буурч, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрч эхэлснээс хойш, ялангуяа хүнсний ногооны эрэлт, үнэ нэмэгдсээр байна. Энэ намар ч ногооны үнэ нэг их хямдрахгүй болов уу. Учир нь сургууль, цэцэрлэгүүд ногоо бөөндөж авдаг хамгийн том хэрэглэгч болдог. Үүнээс гадна инфляц, шатахууны үнэ тасралтгүй өсөж буйгаас ногоочид ч бүтээгдэхүүний ханшаа нэмэгдүүлэх нь дамжиггүй. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл даршилж, нөөшилж, хатааж болох ногоо, жимсээ өрхүүд боломжийн хэрээр бэлтгээсэй. Өөрсдөө хашаандаа төмс тариасай. Тэгвэл үнийн өсөлтөд нэрвэгдлээ хэмээн бухимдаж суухгүй сэн” гэсэн юм.
Ташрамд дурдахад, өнгөрсөн жил улсын хэмжээнд 11 000 орчим га талбайд байцай, өргөст хэмх, тарвас зэрэг 11 нэр, төрлийн хүнсний ногоо тарьжээ. Үүнээс 119 000 тонн ургац хураан авсан аж. Харин 2020 онд 9600 га-гаас 113 600 тонн хүнсний ногоо бэлтгэсэн байна. Түүнчлэн сүүлийн гурван жилд жил бүрд дунджаар 200 000 тонн төмс хураан авч, төмс, хүнсний ногооны тариалалт, ургацын хэмжээг нэмэгдүүлсээр байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллээс харж болох нь.