Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ” гэж тусгасны дагуу Налайх дүүргийн VI хорооны нутаг, Өвөр горхи, Мэлхий хад орчмын 3.5 га газарт аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар болсныг БОАЖЯ-наас мэдээллээ. Сүүлийн жилүүдэд тухайн бүсэд төлөвлөлтгүй, замбараагүй аялал жуулчлал хөгжсөнөөс үүдэлтэйгээр орчны бохирдол, газрын маргаан асуудал дагуулах болсон. Иймд байгалийн өвөрмөц тогтоц бүхий дурсгалд тулгуурласан, байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх цогцолбор байгуулах замаар үүнийг шийдэх нь зүйтэй гэж үзжээ. Тус цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах учраас энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн саналыг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газарт хүлээж авах юм байна.