Нийслэлийн Байгаль орчны газрын Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтсээс Баянгол, Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шатахуун түгээх станцуудын ариун цэврийн байгууламжуудийг тоолж, судалсан байна. 27 аж ахуйн нэгжийн 225 шатахуун түгээх станцыг уг судалгаанд хамруулсан аж. Соруулдаг системтэй, төвийн бохир усны шугамд холбогдсон, стандартын бус буюу нүхэн жорлон гэсэн гурван төрлийн ариун цэврийн байгууламж шатахуун түгээх станцуудад байжээ. Тэр дундаа 89 нүхэн жорлон байсан гэнэ. Хамгийн олон нүхэн жорлон ашиглаж буй аж ахуйн нэгж нь “Сод Монгол групп”, “Магнай трейд” компани гэнэ. Эл хоёр компанийн 45 шатахуун түгээх станц нь нүхэн жорлонтой байжээ. Түүнчлэн дүүргээр нь ангилж үзэхэд Сонгинохайрханд хамгийн олон буюу 31 нүхэн жорлон бүртгэгдсэн аж. Шатахуун түгээх станцууд нүхэн жорлонгоос татгалзаж, стандартад нийцсэн, орчин үеийн шаардлагад тохирохуйц ариун цэврийн байгууламжтай болох ёстой гэж судалгааны багийнхан үзсэн байна.