Хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ан амьтан агнасан гадаадын иргэдтэй холбоотой асуудлаар Гадаадын иргэн, харьяатын газраас өчигдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, “Nins”, “Ахлан” ХХК-ийн урилгаар манай улсад түр ирэгч ангиллын визтэй ирсэн иргэд төрийн тусгай хамгаалалттай бүс нутагт зөвшөөрөлгүй зорчин, хууль бусаар амьтан агнаж байсан зөрчлийг дээрх газрынхан илрүүлжээ. Улмаар гэмт хэргийн шинжтэй эл үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Тэдгээр иргэн хууль бус аргаар галт зэвсэг худалдан авч, эзэмшиж, ашиглаж байсан нь шалгалтын явцад мөн тогтоогджээ. Монгол Улсын хууль тогтоомж зөрчиж, хууль бус ажиллагаа явуулсан иргэдийг албадан гаргаж, хилээр дахин нэвтрүүлэхгүй байх, тэдэнтэй хамтран ажилласан аж ахуйн нэгж, байгууллагуудын виз, зөвшөөрлийн хүсэлтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасныг Гадаадын иргэн, харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат дурдлаа. Ташрамд дурдахад, аргаль агнасан гадаад иргэдийн зураг 10 гаруй хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд тархсан. БОАЖЯ зэрэг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд тухайн үед “Одоогийн зураг биш. Хууль бусаар амьтан агнасан явдал гараагүй” гэж мэдээлж байв. Тэгвэл дээрх газраас өчигдөр хийсэн мэдээллээс үзэхэд уг зураг саяхан болсон үйл явдлын баталгаа байх магадлалтай аж.
Бэлтгэсэн И.Мишээл