Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харьяа “Баянбуурал”, “Баянхангай Хараа гол” ХХК-ийн “Баянхангай”, “Батсол” компанийн “Аваргууд” амралтын газар, “Баянгол ресорт деволопмент”-ийн хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг зогсоосон талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өчигдөр мэдээлэв. Тус аймаг дахь мэргэжлийн хяналтын байгууллагынхан эдгээр газар байгаль орчны холбогдох хууль, журмыг хэрхэн хангаж буйг шалгахад ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, бохироо голд шууд нийлүүлж байсан, хогоо ил задгай хаясан, эзэмшил газраа хэтрүүлэн хашаа татсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Тухайлбал, “Баянбуурал” амралтын газрынхан хаягдал усаа цэвэршүүлэлгүйгээр Хараа голд нийлүүлж байж. Эдгээр аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаатай холбогдуулан прокурорын байгууллагын тогтоолоор үйл ажиллагааг нь зогсоогоод буй аж.
Бэлтгэсэн Ж.Танан