Яармагийн замд буюу “Хүннү молл” орчимд нүхэн гарц барих ажлыг энэ сарын 1-нээс эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор тухайн хэсгийн 200 метр авто замын хоёр урсгалын хөдөлгөөнийг ээлжлэн хязгаарласан юм. Ингэснээр Яармагийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, тэр хэрээр иргэд ч бухимдах болсон. Ялангуяа иргэд амарч, зугаалж, хотын хөдөлгөөн саарсан үе буюу долдугаар сард уг ажлыг гүйцэтгэх ёстой байсан гэж олон хүн шүүмжилсэн юм. Тэгвэл нүхэн гарцыг угсарч дууссан бөгөөд замын хөдөлгөөнийг өнөөдрөөс бүрэн нээнэ гэж нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. Төлөвлөгөө ёсоор бол замын хөдөлгөөнийг энэ сарын 22-нд бүрэн нээнэ хэмээн мэдэгдэж байсан билээ.