Өнгөрсөн тавдугаар сараас хойш Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлтэд байрладаг Хятадын хөрөнгө оруулалттай зарим компаниуд зориулалтын бус орчин, орц найрлагатай мах бэлтгэж байсан.
Харин тус асуудалд хяналт тавьж ажиллаж байгаа ч одоог хүртэл ямар ч дүгнэлт, шийдвэр гараагүй байгаа юм. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан энэ асуудалтай холбогдуулан НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал хариуцсан хэлтсийн дарга Х.Нямбаатар, НМХГ-ын дарга Б.Батшагай нарыг чөлөөлөхийг МХЕГ-ын дарга Б.Баасандоржид үүрэгдэв.
Тэрбээр, “Ингээд ажилдаа эзэн байж, асуудлаа шийдэж чаддаггүй. Дунд доод шатны хүнд сурталтан, чадваргүй, Засгийн газрын бодлого, шийдвэрийг унагаадаг, ард иргэдээ залхаадаг, асуудлаа шийдэж чаддаггүй нөхдүүдийг чөлөөлнө. Энэ нөхрийг чөлөөл. НМХГ-ын даргатай нь цуг.
НМХГ-ын Б.Батшагайг, Х.Нямбаатартай нь цуг чөлөөл. Энэ Ерөнхий газрынхаа дарга, Хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан газрын даргаа чөлөөл. Би маш олон удаа эрт хэлсэн. Өнөөдөр хүртэл та нар бие биеийнхээ толгойг илээд хийж байгаа ажил төрөл, асуудлууд нь цэгцэрсэн шийдэгдсэн юм байхгүй. Ийм эзэнгүй айл шиг явдаг асуудал байж болохгүй. Ямар ч хариуцлага алга байна шүү дээ. Ямар ч санаачилга алга.
Засгийн тэргүүн, Засгийн газар асуудал шийдчих гээд бодлого шийдвэр гаргаад, өдөр шөнөгүй ажиллаж байхад дунд доод шатанд хэдэн албан тушаалтан нэр зүүсэн нөхдүүд ингэж явдаг учраас төрийн ажил явахгүй байгаа юм.
Ийм учраас энэ засаг төрийн ажил урагшлахгүй байгаад байгаа юм. Ийм учраас энэ ард түмэн бухимдаж, уурлаж, ажил амьдрал нь урагшлахгүй байгаад байгаа юм. Доор хэдэн мэргэжилтнүүд нь зүтгээд байдаг. Төрийн хүнд суртал төрийн бүтээмжийг унагааж байгаа. Үйл ажиллагааг унагааж байгаа энэ төрийн нэр хүндийг байхгүй болгож байгаа ажлын тод жишээ энэ. Нэгдүгээрт энэ хүмүүсээ өнөөдөр ажлаас нь чөлөөл. Б.Баасандорж даргаа" хэмээн хэлсэн юм.