“Чингис хаан” музейн барилгыг өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр Улсын комисс хүлээж авсан. Ашиглалтад оруулаад 10 сар гаруйн хугацаа өнгөрсөн гэсэн үг. Гэвч эл музейнхэн дотоод тохижилт хийх, үзмэр дэглэх нэрийдлээр шинэ байрандаа хэдэн сар “бүглээ”. Харагдах байдал, загвар, хийцээсээ болж ихээхэн шүүмжлэл дагуулаад буй эл бүтээн байгуулалтыг дотроос нь шинжих, их хааны холбогдолтой түүхэн дурсгал, олдворуудтай танилцах гэсэн нийслэлчүүд үе үе “Хэзээ үүдээ нээх бол” хэмээн чих тавих. Харин музейн удирдлага болон ажилтнууд нь “Болоогүй” гэх ёозгүй хариултаар аргацаасаар өнөөдрийг хүрэв.
Уг нь “Чингис хаан” музейг Үндэсний их баяр наадмаас өмнө буюу долдугаар сарын 3-нд нээхээр төлөвлөж байв. Гэвч энэ хугацаандаа амжаагүй. Хил, гаалийн гацаанаас болоод ажил саатсан гэдэг тайлбар өгсөн. Харин ойрын өдрүүдэд “Есдүгээр сарын 20” гэсэн шинэ тов сонсогдох болсон. Музейн Боловсрол, олон нийтийн харилцаа, маркетингийн хэлтсийн мэргэжилтэн Д.Баярхүүгээс өчигдөр үүнийг тодруулахад “Одоогоор тодорхой болсон зүйл алга. Дотоод ажил дуусаагүй. Гаднын ямар ч хүч нэвтрүүлэхгүй байгаа” гэсэн юм.
Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой энэ онд тохиож буй. БШУЯ, Соёлын яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА, Олон улсын монгол судлалын холбоо, Монгол судлалын үндэсний зөвлөл зэрэг холбогдох байгууллагынхан үүний хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байна. Хамгийн сүүлд гэхэд “Чингис хааны ертөнц ба монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж, 15 орноос эрдэмтэн, судлаач манай оронд ирэв. Хачирхалтай нь, бид их хааныхаа мэндэлсний түүхэн ойд зориулж, асар богино хугацаанд (нэг жил таван сар) мөнгөөр “зодож”, яаруу сандруу байгуулсан музейгээ монголчууддаа ч, гадаадын эрдэмтэн, судлаачдад ч, жуулчдад ч үзүүлж чадалгүй зун, намрыг үдэх нь. Монгол орон, тэр дундаа Чингис хааны түүхэн гавьяа, үйл хэргийг сониучирхан судалдаг эрдэмтдэд уг бүтээн байгуулалт юу юунаас ч илүү сонин сайхан санагдах байсан биз ээ. Тусгай сонирхлын, хотын аяллыг хөгжүүлэхэд ч хувь нэмэр болж, гадаад сурталчилгаанд нөлөөлөх байсан болов уу. Гэвч энэ боломжийг ашиглаж чадсангүй. Тус эрдэм шинжилгээний хурлын салбар хуралдааныг “Чингис хаан” музейн хурлын танхимд зохион байгуулсан атлаа судлаачдыг үзмэрийн танхим руу ойртуулаагүй гэх юм билээ. Энэ янзаараа “Чингис хаан” музей их хааны мэндэлсний тэгш ой дуусан дуустал үүдээ нээхгүй нь бололтой.