ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн гидробиологи, загас судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд Өгий нуурт загасны нөөц, үржлийн судалгаа хийгээд тоо толгой, төрөл зүйлийн тэнцвэрт байдал ихээхэн алдагдсан гэж дүгнэжээ. Өгийд судлаачид 13 зүйлийн загас бүртгэсэн байдаг аж. Сүүлд хийсэн судалгаагаар, тус нуурын унаган зүйлд тооцогддог алгана, цурхай, улаан нүдэн, бух сугасны тоо толгой эрс цөөрсөн байж. Ялангуяа цурхай нүдний гэм болтлоо ховордсоныг судлаачид хэллээ. Нэгэн цагт Монгол орны хэмжээнд элбэг гэгддэг байсан тул, зэвэг, хадран зэрэг хулдын овгийн загасны тархалт мөн хумигдсаныг тогтоожээ. Энэ нь тухайн бүсэд хууль бус загасчлал гаарсны, зохион байгуулалтгүй аялал жуулчлал бий болсны үр дагавар гэнэ.
Нэгэн сонирхолтой баримт хэлэхэд, Өгий нуурын унаган загасны тоо толгой цөөрсөн атал шинэ зүйл үй олноороо нутагшсан байжээ. Тэр нь булуу цагаан, ердийн цулбуурт загас аж. Эдгээр нь Сэлэнгэ мөрнөөр дамжин ирсэн байх магадлалтай гэж дүгнэж байна. Учир нь хойд хөршийнхөн булуу цагаан, ердийн цулбуурт загас нутагшуулах, үржүүлэх ажлыг тэнд сүүлийн жилүүдэд хийжээ. Төрөл зүйлийн тэнцвэрт байдал алдагдсанаар тухайн гол, нуурын экосистем доройтож, усны амьтдын идэш тэжээлийн гинжин хэлхээ алдагддаг учир мэргэжилтнүүд судалгаагаа лавшруулж, шаардлагатай бол байгаль хамгааллын арга хэмжээ авах зөвлөмж, чиглэлийг БОАЖЯ, Орхон, Чулуут голын сав газрын захиргаа зэрэг холбогдох байгууллагынханд хүргүүлэхээр төлөвлөж буйг дээрх салбарын эрхлэгч Т.Аюурсүрэн онцлов.