НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Зүүн хойд Азийн бүс нутагт хийж буй айлчлалаа энэ сарын 4-нд эхлүүлсэн бөгөөд Японоос манай улсад хүрэлцэн ирсэн юм. Түүнийг ирэхэд өмнөд хөрш БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И албан ёсны айлчлалаа дуусгаад Монголоос буцаж байв. Энэ ч утгаараа манай гадаад бодлого идэвхтэй бөгөөд тэнцвэртэй байгаагийн илрэл нь эл айлчлал болохыг олон улс судлаачид үнэлэв. Ердөө сар гаруйн өмнө хойд хөрш ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монголд айлчилсны зэрэгцээ гуравдагч хөрш гэгддэг Япон, Польшийн Гадаад хэргийн сайд нар манайд ажиллаад удаагүй байна.
Хамгийн гол нь хоёр хөршийнх нь Украин, Тайваньтай үүсгэсэн асуудал олон улсын хэмжээнд сорилт болчихоод байгаа энэ үед НҮБ-ын удирдлага, “дэлхийн дарга” манай улсад айлчилсан нь анхаарал татаж байна. “Ажил хэрэгч хүн” гэгддэг Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш дэлхий дахинд энх тайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй цаг дор энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах үеэр илэрхийлсэн нь ч НҮБ, олон улсын хамтын нийгэмлэг манай улсыг хэрхэн үнэлж, ач холбогдол өгч байгаагийн илрэл биз ээ. Мөн тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамт мэдээлэл хийхдээ “Далайд гарцгүй хэдий ч яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг чухалчилсан Монгол Улсын бүтээлч гадаад бодлого нь улс орнуудын хооронд гүүр болж, тогтвортой хөгжлийг урагшлуулахад дэмжлэг болж байна” хэмээнэ лээ. Ямартай ч дайн, түрэмгийлэл өдүүлж буй хоёр том хөршийнхөө эсрэг үг дуугарч чаддаггүй гэх шүүмжлэлийг олон нийтээс ч, олон улсаас ч хүртээд амжсан манай улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг урьж, эгзэгтэй үед эх орондоо авчирч чадсанаараа энх тайван, ардчилал, хүний эрхийг эгнэгт дээдлэгч гэдгээ харуулав. Энэ нь Монгол Улс өөрийн болон өрөөлийн өмнө тулгарч буй асуудлаар дуу хоолойгоо НҮБ-аар дамжуулан илэрхийлэхэд дэмжлэг болох нь гарцаагүй.
Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх хүчин чармайлт, түүний дотор цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын оруулж буй нэмрийг өндрөөр үнэлэв. Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах үеэрээ энэ удаагийн айлчлал цөмийн зэвсэггүй бүс нутагт болж буйг онцлоод, “Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд манлайлан оролцож, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж ирсэн, энхтайвныг эрхэмлэгч орон” хэмээн тодорхойлсон. Эл айлчлал нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60, 61, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30, энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж буй.
А.Гутерриш бол НҮБ-ын ес дэх Ерөнхий нарийн бичгийн дарга. Эл албыг хашсан эрхмүүдээс дөрөв нь манай улсад айлчилсан түүхтэй. Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан 2002, дараагийн дарга Бан Ги Мүн 2009 онд гээд бүгд Ерөнхий сайдын урилгаар айлчилсан бол энэ удаа А.Гутерриш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүндэт зочин. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хийж буй анхны айлчлал юм. Тиймээс ч түүний айлчлал бүхэлдээ Төрийн тэргүүний түвшинд болж буй бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерришийг өчигдөр Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр угтан авснаар айлчлал эхэлсэн билээ. Төв талбайд түүнийг зөвхөн манай төр, засгийнхан бус, Монгол Улсад эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд угтан мэндчилсэн юм.
Монгол Улс цөлжилттэй тэмцэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Тэрбум мод” санаачилга гарган, үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш сайшааж, НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засаг болон “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв. Үүний илэрхийлэл болгон тэрбээр Төрийн тэргүүний хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн энхийг сахиулагчдын төгөлд мод тарьсан. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалах, хүнсний хангамж, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг байгаль, дэлхийтэйгээ харьцах зөв хандлага, соёлыг ард иргэд, түүний дотор хүүхэд залууст сурталчлан түгээх ач холбогдолтой” хэмээн онцлоод, Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулахыг тэмдэглэлээ. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш тэнд цугласан энхийг сахиулагчдад талархал илэрхийлж, үйл хэргийг нь өндрөөр үнэлэхийн ялдамд “Бидний үеийнхэн эх дэлхийдээ ээлтэй хандаж чадаагүй. Бид байгаль орчноо бохирдуулж, баялгийг нь хэрэглэж, хойч үедээ эх дэлхийгээ хэвээр нь хүлээлгэн өгч чадсангүй. Монгол Улсад тэрбум мод тарьж ургуулснаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, орчны бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хадгалж үлдэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээгээд, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, ус, хөрс, агаарын бохирдол, гамшгийн давтамжийг бууруулах үйл хэрэгт залуусыг уриалсан юм.
Ингэхдээ тэрбээр урьдчилан бэлдсэн үгээ уншихаас татгалзаж, “Миний ээжийн аав буюу өвөг эцэг Оливера гэдэг овогтой байсан юм. Үүнийг португал хэлнээс орчуулбал “оливын мод” гэсэн үг. Би өвөг эцгийнхээ нэрийг уламжилж авсан, хоёр овогтой хүн. Манай өвөг эцэг намайг жаахан байхад тариалангийн талбайд дагуулж очоод, жижигхэн оливын модыг харуулаад “Энэ модыг чамайг төрөхөд суулгасан юм. Чамайг бүх насаараа модыг эрхэмлэж, хүндэлж яваасай гэж хүсэж байна. Нэг мод тарихдаа хажууд нь заавал нэг мод тарих ёстой” гэж сургасан. Тэгээд “Чи мод таривал тэр нь чиний амьдралын илэрхийлэл болно” гэж хэлсэн юм. Оливын мод олон жил насалдаг. Манай Португалд 1000 гаруй жил насласан оливын мод байдаг. Би 1000 жил насална гэж байгаа юм биш. Гэхдээ миний амьдралыг илэрхийлсэн мод миний эх оронд ургаж байгаа гэдэг нь сайхан санагддаг” хэмээн бяцхан түүх хуваалцсан юм. Антониу Мануэль де Олиьвейра Гутерриш нь 1949 онд Португалын Лисбон хотноо төрсөн бөгөөд тус улсын парламентын гишүүн, Ерөнхий сайд, Европын зөвлөл дэх Португалын төлөөлөгч, ерөнхийлөгч, Социалист намын ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссараар ажиллаж байгаад 2017 оноос эл албыг хашиж буй.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамт хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулахад Монгол Улсын жишээг бид сайшааж байна. Монгол өөрийгөө төдийгүй бусад улсыг хангахуйц сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй тул эл салбарт тэргүүлэгч байх боломжтой. Эрчим хүчний аюулгүй байдлаа хангахын зэрэгцээ эдийн засгийн боломжууд бүрдүүлж чадна гэж үзэж байна. Мөн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд зэсийн нөөцөөрөө томоохон тоглогч байх боломжтой. Монгол Улс сүүлийн жилүүдэд гайхалтай шилжилт хийж чадсан. Ард иргэдийнхээ өнө удаан хөгжил дэвшлийн төлөө цаашид ардчиллыг бэхжүүлж, хүний эрхийг дээдлэн хамгаална гэдэгт итгэж байна. Энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжлийн асуудлуудын хүрээнд танай улсад бидний үзүүлэх дэмжлэгт цаашид ч найдаж болно” хэмээн онцолсныг эцэст нь тэмдэглэе.